СЭЛЭНГЭ: Төвийн бүсийн аймгууд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хамтарсан баг байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-28 07:28:25

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Хот хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан.


“Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Төв аймгийн ИТХ-аас төвийн бүсийн Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хамтарсан баг байгуулж, тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчилд анхаарал хандуулан ажиллах санаачилгыг гаргажээ.  


Энэ ажлын хүрээнд мэдээлэл хийх, санал солилцох зорилгоор Төв аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ц.Жамбалсүрэн, Төв аймгийн ИТХ-ын Ажлын албаны бүрэлдэхүүн энэ сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймагт ажиллаж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй уулзалт зохион байгууллаа.


Уулзалтаар төвийн бүсийн хэмжээнд буюу Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн хэмжээнд зонхилон тохиолдож буй тодорхой төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал, шалтгаан, урьдчилан сэргийлэх чиглэлээр санал бодлоо илэрхийлж, бүсийн хамтарсан зөвлөл байгуулах талаар санал солилцлоо.


Энэ үеэр сүүлийн жилүүдэд бүс нутгийн хэмжээнд зонхилон бүртгэгдэж буй зам тээвэр, хууль бус ашигт малтмал олборлолт, малын хулгай зэрэг тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг танилцуулж, бүсийн хамтарсан баг байгуулахаар боллоо.

Холбоотой мэдээ