“Алтай түншлэл-2016” үзэсгэлэн худалдаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-10-03 22:01:31

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар. ХХААГ, Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтай түншлэл-2016” үзэсгэлэн худалдаа Алтай хотод амжилттай зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээнд сум бүр ноос,ноолуур, арьс шир, оёдол, гутал, мод модон эдлэл, сур суран эдлэл, гар урлал, гоёл чимэглэл, хүнс, хүнсний ногоо, цагаан идээ зэрэг өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, малчин, тариаланчид, нөхөрлөл, хоршооны төлөөлөл 120 гаруй хүн оролцож 90 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 79 сая төгрөгний борлуулалт хийгдлээ. Үзэсгэлэн худалдааны бүтээгдэхүүнийг экологийн цэвэр, хамгийн эрэлттэй, шилдэг сав баглаа боодолтой, хүнсний, хөнгөн үйлдвэрийн, газар тариалангийн, барилгын, гар урлалын, сүү цагаан идээний шилдэг бүтээгдэхүүн гэх зэрэг 18 төрлөөр шалгаруулж цом өргөмжлөл, мөнгөн шагнал олголоо.  Энэ удаагийн үзэсгэлэн худалдааны Гранпри шагналыг Есөнбулаг сумын “Баян тан” ХХК-ний сүү сүүн бүтээгдэхүүн хүртлээ.

Аймгийн Засаг даргын нэрэмжит шагнал шилжин явах туг, цомыг Шарга сумын тариаланч Д.Бямбатөгсийн Гала сортын төмс, МҮХАҮТ-ын шагналыг “Чихэрбулаг” хоршооны “Алтай” цай хүртсэн байна. Үзэсгэлэнгийн бүтээгдэхүүний 40 хувь нь сүү цагаан идээ, 30 хувь нь төмс, хүнсний ногоо, 30 хувь нь бусад үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн байлаа.                                                                           

                                                                               Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Холбоотой мэдээ