БАЯНХОНГОР: ЭЕШ-ын урьдчилсан сорилгыг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-04-02 15:09:38
Баянхонгор, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэж байгаа сурагчдын дунд урьдчилсан сорилго шалгалтыг Баянхонгор сумын ЗДТГ, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар хамтран энэ сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлосон байна.
Энэ онд аймгийн хэмжээнд 780 сурагч ЕБС-ийг төгсч, элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Сурагчид монгол хэл, математик, физик, хими, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, түүх, нийгэм судлал гэсэн 10 хичээлийн шалгалт өгөх бөгөөд давхардсан тоогоор 2000 шахам шалгуулагч өрсөлдөх юм.

Сорилго шалгалт нь Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх ажлын чанарыг сайжруулах, үзүүлэх амжилтыг ахиулах зорилготой.

Тус үйл ажиллагааны хүрээнд, хамгийн өндөр оноо авсан сурагч, тухайн сурагчдыг амжилттай бэлтгэж оролцуулсан багшийг шалгаруулж урамшуулах бөгөөд энэхүү шалгалт нь сурагчдын бэлтгэлийг хангуулах, элсэлтийн шалгалтын оноог өмнөх оноос ахиулахад дэмжлэг болох томоохон ажил болно гэдгийг сургуулийн удирдлагууд хэлж байгаа юм.
Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн хичээлээрээ сорилго, шалгалтуудад бүрэн хамрагдаж, хамгийн өндөр оноотой шалгагдсан сурагчдаас эхний 5 байр, Багш нарын тухайд бэлтгэсэн сурагчдынх нь хамгийн өндөр оноо авсан эхний 5 сурагчийн дундаж оноогоор судлагдахуун тус бүрээс нэг багшийг шалгаруулж шагнана.
Шалгалтыг Баянхонгор сумын Номундалай сургуульд зохион байгуулах бөгөөд тестийн машинаар засан дүгнэж, нэгтгэл дүнг гаргах ажээ.
Сонирхуулахад, Өнгөрсөн онд Боловсрол сургалтын байгууллагын гүйцэтгэлийн ерөнхий дүнгээр Баянхонгор аймаг нэгдүгээрт, Багшийн гүйцэтгэлийн үнэлгээний ерөнхий дүнгээр гуравдугаарт, Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр 10 дугаарт тус тус эрэмбэлэгджээ.
Холбоотой мэдээ