ТӨВ: “Асуудал, шийдэл” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-04-03 20:18:01

Зуунмод, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Төрийн албан хаагчдын дунд “Асуудал, шийдэл” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг хоёр үе шаттай зохион байгууллаа. Уралдаанд нийт 26 баг оролцож илтгэлээ танилцуулсан бөгөөд хоёр дахь шатанд 7 сумын 15 баг шалгарч, өнөөдөр ялагчдаа тодрууллаа.

 


Энэхүү уралдаан нь аймаг, сумын эдийн засаг, нийгэм, засаглалын тогтвортой хөгжлийг эрчимжүүлэх, төрийн байгууллагын соёл, үйлчилгээг сайжруулахад төрийн албан хаагчдын манлайлал-оролцоог нэмэгдүүлж, оновчтой санал санаачилгыг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

 

Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны тэргүүн байрт аймгийн ЗДТГ-ын баг “Зуунмод хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний тулгамдаж буй асуудал, шийдэл” илтгэлээр шалгарсан байна.

 

Дэд байрт аймгийн ЭМГ-ын баг “15-18 насны хүүхдүүдийн дундах бэлгийн замаар дамжих халдварт өвчний талаарх мэдлэг, хандлагыг тодорхойлох нь” илтгэлээр шалгарсан бол Зуунмод сумын багийн зохион байгуулагчдаас бүрдсэн “Ирээдүйг өнгөлөгч” баг “Байгууллагын соёлд албан хаагчдын үүрэг оролцоо” сэдвээр гутгаар байр эзэллээ.

 

Мөн “Шилдэг илтгэгч”-ийг шалгаруулсан бөгөөд Зуунмод хотын “Ирээдүйг өнгөлөгч” багийн илтгэгч О.Нямсүрэн шалгарсан юм.

 


Аймгийн ЗДТГ-ын багийн гишүүн О.Сэдэдээс ямар асуудлыг хөндөж, шийдэл нь юу байсан талаар тодруулахад, “Хот хоорондын авто тээврийн үйлчилгээ иргэдийн хувьд тулгамдаж байгаа асуудал юм байна гэдгийг биечлэн судалж мэдсэн. Энэхүү асуудал үүсэж байгаа шалтгаан нөхцөл нь цагийн хуваарь буруу байгаагаас эхлэлтэй. Жишээлбэл, Өглөө 9.00 цагт Улаанбаатар хотод ажилтай хүн 6.00 цагт Зуунмод сумаас гарах хэрэгтэй болдог. Гэсэн хэдий ч 9.00 цагаас эхний автобус хөдлөх зарчимтай. Мөн 18.00 цагт ажил тараад түгжирч явсаар авто тээврийн төвд очиход 20.00 цаг эсвэл 21.00 цаг болсон байдаг. Гэвч сүүлийн автобус 19.00 цагт зогсдог. Иймд эрэлт их байдаг цагийн хуваарийг тавьж өгөх нь зүйтэй гэдэг шийдэл гаргасан. Ингэснээр иргэд аюулгүй унаагаар зорчих боломж бүрдэнэ” гэв.


Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Мөнхгэрэлээс тус уралдааны талаар, "Оролцогчид эрдэм шинжилгээний илтгэлд маш сайн бэлтгэж оролцож байна. Цаашид анхаарах зүйлсээ бие биесээсээ суралцсан байх гэдэгт итгэлтэй байна. Энэхүү үйл ажиллагааг цаашид уламжлал болгон жилд хоёр удаа зохион байгуулбал үр дүнтэй санагдлаа" гэв.

Холбоотой мэдээ