Парисын олимпын зурагт хуудсыг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2024-04-09 17:09:51

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтний эв нэгдлийн баяр, шилдэг тамирчдын спортын гайхамшгийг харуулах талбар Парисын олимп эхлэхэд ердөө 108 хоног үлджээ.


Олимпын үнэт зүйлс гүн шингэсэн энэ удаагийн наадмын албан ёсны зурагт хуудас вектор дүрсээр, 5 метр өндөр, 4 метр өргөн хэмжээтэйгээр Парисын “Орсе” музейд олон нийтэд дэлгэгдлээ.


Зурагт хуудсыг Францын уран зураач, “Hermes” брэндийн бүтээлүүдээрээ олонд танигдсан Уго Гаттони бүтээсэн бөгөөд тэрбээр ямар өнгө төрх дүрслэхээ 6 сарын турш сэтгэж, бодитоор 2000 гаруй цаг зарцуулан урласан байна.


Өмнөх наадмуудын зурагт хуудсууд олимп болон паралимпын хоёр тусдаа бүтээлүүдийг танилцуулж байсан бол энэ удаагийнх олимпизм дахь тэгш эрх, хамтдаа хэмээх үзэл баримтлалыг нэг том бүтээлээр илтгэсэн нь онцлог юм.


Түүнчлэн Эйфелийн цамхаг, Ялалтын хаалга /Arch de Triomphe/ зэрэг Парис хотын түүхэн алдарт уран барилгуудын дүрсийг шингээсэн төдийгүй Парисын олимпын 32 спортын төрлийг ч мөн олж харах боломжтой гэж Монголын Үндэсний Олимпын Хороо мэдээлэв.

















Холбоотой мэдээ