Столтенберг: Украинд агаарын довтолгооноос хамгаалах систем нийлүүлэхээр тохиролцсон

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-04-20 10:49:14

БРЮССЕЛЬ, 2024 оны дөрөвдүгээр сарын 20 /VOA/. НАТО-гийн холбоотон орнууд Украинд агаарын довтолгооноос хамгаалах системийг нэмж нийлүүлэхээр тохиролцсон гэж эвслийн тэргүүн Йенс Столтенберг мэдэгдлээ. 


Холбоотон орнуудын Батлан хамгаалахын сайд нар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй тусгай уулзалт хийсний дараа тэрбээр энэхүү мэдэгдлийг хийжээ.


Украин улс сумны хомсдолд орж, Конгресс дахь Бүгд найрамдах намынхан АНУ-ын амин чухал санхүүжилтийг хэдэн сарын турш хааж, Европын Холбооноос сум хэрэгслийг хугацаанд нь хүргэж чадахгүй байгаа тул Ерөнхийлөгч Зеленский НАТО-гийн орнуудын төлөөлөгчидтэй цахимаар уулзах хүсэлт тавьсан байна.


"Пэтриот”-оос гадна "SAMP/T" (Франц) зэрэг холбоотнуудын өгч чадах бусад зэвсэг бий. Мөн бэлэн системгүй олон орон худалдан авахад нь Украинд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ амласан" гэж Столтенберг сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Тэрбээр агаарын довтолгооноос хамгаалах хэчнээн шинэ системийг Украин хүлээн авахыг тодорхой хэлээгүй боловч ойрын өдрүүдэд энэ талаар мэдэгдэл хийнэ хэмээн найдаж байна гэжээ. "Тусламжийн цуваа хэдийнэ замд явж байна. Мөн нэмэлт тусламжийн талаар тун удахгүй мэдээлнэ" гэж тэрбээр хэллээ. 


Өнгөрсөн долоо хоногт Герман улс зэвсгийн нөөцөөсөө Украинд “Пэтриот” системийн гурав дахь батарейг илгээнэ гэдгээ мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ