Нэг жилд манай улсын 60 иргэн БНХАУ-д хулгайн хэрэгт холбогджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-10-05 11:28:48

Сүүлийн жилүүдэд БНХАУ-д зорчиж буй манай улсын иргэд тус улсын хууль зөрчиж гэмт хэрэгт холбогдох, улмаар ял авах тохиолдол ихсэх хандлагатай байна гэж ГХЯ-ны Консулын газраас анхаарууллаа.

Өнгөрсөн оны 10 дугаар сараас энэ оны 10 дугаар сар хүртэлх нэг жилийн хугацаанд манай улсын 60 иргэн БНХАУ-д зорчих хугацаандаа хулгайн гэмт хэрэгт холбогдон 1-3 жил хүртэлх хугацааны хорих ялаар шийтгэгджээ. Хулгайн гэмт хэрэг үйлдэж буй зарим иргэд өөрийн танил, найз нөхөд, садан төрлийн хүмүүсийг гэмт үйлдэлдээ хууран мэхлэх замаар татан оролцуулж, гэмт хэргийн золиос болгох тохиолдол мөн гарч байгаа аж. Түүнчлэн захиалга өгч бараа бүтээгдэхүүн хулгайлуулдаг этгээдүүд ч байдаг байна.

БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлд “…Улсын эсхүл хувийн эд хөрөнгийг хулгайлах, бага бус хэмжээтэй эд хөрөнгө хулгайлсан эсхүл давтан үйлдсэн, хүний байнга амьдрах орон байранд нэвтрэн үйлдсэн, зэвсэгтэй үйлдсэн, халаасны хулгай үйлдсэн бол гурван жилээс доош хугацаатай хорих, баривчлах, саатуулах ял оноож, мөнгөн торгууль ногдуулна. Их хэмжээний эсхүл хүнд хэлбэрийн бол гурван жилээс 10 жилийн хугацаатай хорих ял, мөнгөн торгууль ногдуулна. Тоо хэмжээ нь их эсхүл ноцтой хүнд хэлбэрийн бол 10 жилээс дээш хугацаатай эсхүл хугацаагүй хорих ял оноож, мөнгөн торгууль ногдуулж, эд хөрөнгийг хураана” гэж заасан.

Иймд урд хөршид зорчиж буй иргэд тус улсын хуулийг сахин мөрдөх, хулгайн гэмт хэрэгт мэхлэгдэн оролцохоос сэргийлэх, бусдаас эд зүйлийг дамжуулахдаа анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлэв.

Б.Туул

Холбоотой мэдээ