Сэтгүүлчид төрийн албаны шалгалтыг туршилтын журмаар өгч болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-10-05 12:31:06

Төрийн албаны зөвлөлөөс энэ сард зохион байгуулах "Нээлттэй өдөрлөг"-ийг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын дунд явуулахаар болжээ.

Өдөрлөгт оролцох хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд soril@csc.gov.mn хаягаар энэ сарын 14-ний өдрийн 17.00 цаг хүртэл хүсэлтээ хүргүүлнэ. Хүсэлтдээ байгууллагын нэр, албан тушаал, овог, нэр, регистрээ бичнэ. Өдөрлөгт ирэхдээ ажлын үнэмлэхээ иргэний үнэмлэхийн хамт авчрах юм.

Бүртгэлийн тооноос хамаарч өдөрлөгт оролцох хуваарийг Төрийн албаны зөвлөлийн "www.csc.gov.mn" цахим хуудсанд энэ сарын 18-ны өдрийн 10.00 цагт байрлуулах гэнэ. Өдөрлөгт оролцохоор бүртгүүлсэн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд төрийн албаны мэргэшлийн шалгалтын цахим сангаас сонгосон 40 сорилтой жишиг шалгалт өгөх боломжтой бөгөөд хууль эрхзүй, албан хэрэг хөтлөлт, монгол хэл, мэдээллийн технологийн мэдлэгийн түвшингээ тогтоон, өөрөө өөрийгөө сорьж, үнэлж дүгнэх боломж бүрдэх юм.

Төрийн албаны зөвлөл төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа иргэдэд туслах зорилгоор шалгалтын цахим системтэй танилцуулах, төрийн албаны мэргэшлийн шалгалт хүнээс хамааралгүй, ил тод, нээлттэй явагддагийг олон нийтэд танилцуулах "Нээлттэй өдөрлөг"-ийг өнгөрсөн сараас эхлэн зохион байгуулж байна.

Б.Туул

Холбоотой мэдээ