БУЛГАН: VII зуунд хамаарах хүрэл хутга Орон нутаг судлах музейд хадгалагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Орон нутаг судлах музейд Нийтийн тооллоос өмнөх VII зуунд хамрагдах хүрэл хутга болон бусад эд зүйлс хадгалагдаж байна.
Хүрэл хутганууд нь бөгтөр мөртэй, бөгтөр мөртэй ээтэн үзүүртэй, шулуун үзүүртэй гээд хэлбэр дүрсийн хувьд янз бүрийн шинжтэй байгаа нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аж төрж байсан
эртний нүүдэлчин овог аймгуудын нийгмийн хөгжлийн талаар олон чухал эх
сурвалжийн нэг болж байгаа юм.
Хүн төрөлхтний ахуй амьдралдаа өргөн хэрэглэж ирсэн хөдөлмөрийн багаж зэвсгийн дотор хутга чухал байр суурь эзэлдэг. Хутга нь аливаа зүйлийг огтлох, таслах хэрэгцээ шаардлагын үүднээс үүсэж бий болжээ. Археологийн хэрэглэгдэхүүнээс харахад өнөөгийн монгол нутагт аж төрж байсан эртний хүмүүс дунд чулуун зэвсгийн үед болхи хийцтэй хутга хэлбэрийн зэвсгийг чулуугаар хийж ахуй амьдралдаа хэрэглэж байсан ажээ. Шинэ чулуун зэвсгийн үед хүмүүс хас, цахиурын төрлийн чулууг сайтар засаж хутга үйлдэж байснаас гадна яс, мод зэргийн нэг талд нимгэн хурц иртэй жижиг чулуунуудыг эгнүүлэн зуулгаж хутга болгон ашиглаж байжээ.
Эртний хүмүүс байгалиас хүрлийг гарган авч ахуй амьдралдаа
хэрэглэх болсноор хутганы үүрэг зориулалт, хэлбэр хийцэд томоохон өөрчлөлт
орсон байна. Тухайлбал, чулуун зэвсгийн үед хутгыг ахуйн цомхон хүрээнд
хэрэглэж байсан бол хүрэл зэвсгийн үед аж ахуй, дайн байлдаан, гоёл чимэглэлийн
зэрэг зориулалтаар ашиглаж байжээ.
Хүрэл хутгануудыг ерөнхий хэлбэр төрхөөр нь бөгтөр мөртэй, тэгш үзүүртэй, бөгтөр мөртэй ээтэн үзүүртэй, шулуун мөр, үзүүртэй гэж гурав хуваадаг байна.