Үндсэн хуулийн цэцийн хоёр дүгнэлтийг хэлэлцэж шийдвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2016-10-06 20:13:43

УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.10.06/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго танилцуулав.

Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно ..." гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ. Цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат оролцсон байна.

Цэцийн дунд суудлын хуралдаанаас УИХ-аас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна." гэж заасныг зөрчсөн байна гэж дүгнэжээ. Иймээс Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсгийн дээрх заалтын үйлчлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Дараа нь Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг танилцуулсан юм.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр болж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүх шийдвэрээ энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн байна. Уг хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Учрал оролцож тайлбар өгчээ.

Цэцийн дунд суудлын хуралдаанаас УИХ-аас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт “... энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэж үзжээ.

Харин Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн талаархи Хууль зүйн байнгын санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулсан юм. Хууль зүйн байнгын хороо энэ сарын 04-ний өдрийн хуралдаанаараа цэцийн энэхүү дүгнэлтийг хэлэлцэх явцад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.

Цэцийн гишүүний танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжлээ. Түүнчлэн энэ талаархи УИХ-ын тогтоолын төслийг батлахыг гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэнээр чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Холбоотой мэдээ