АРХАНГАЙ: "Зая гэгээний өв" үзэсгэлэнг жилийн турш дэлгэнэ

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2024-05-20 12:43:35

Эрдэнэбулган, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн музейгээс ЗДТГ, Соёл урлагийн газартай хамтран "Зая гэгээний өв" үзэсгэлэнг энэ сарын 18-ны өдөр дэлгэлээ.


Жилийн турш олны хүртээл болгох "Зая гэгээний өв" үзэсгэлэнд VI, VII Зая гэгээний эдэлж хэрэглэж байсан эд хэрэглэл болох тамга, дун бүрээ, эрих, ширээ, толь, сандал, дээл, углааш, аяганууд зэрэг 40 гаруй эд өлгийн зүйлсийг дэглэсэн байна.


Музейн баруун Сэмчингийн хоёрдугаар давхарт дэглэсэн тус үзэсгэлэн нь Зая гэгээний мэлмий гийсний 382, Заяын хүрээ үүсэн байгуулагдсаны 370, Монгол Улсад орчин цагийн музейн байгууллага үүсэж хөгжсөний 100, олон улсын музейн өдөрт зориулснаараа онцлог байлаа.


Аймгийн музей нь Монголын болон орон нутгийн эрт, эдүгээ үеийн түүх, соёлын өвийг хадгалж хамгаалах, судлан сурталчлах, хойч үедээ өвлүүлэх, нийтийн боловсролыг дэмжих төрийн үйлчилгээний соёлын байгууллага юм. Музей XVII зууны үед барьсан халхын Зая бандида хутагтын Лаврин ордонд үйл ажиллагаагаа явуулдаг онцлогтой.


Байнгын үзүүллэгийн таван танхим, түр үзэсгэлэн, боловсролын тус бүр нэг тgнхимд үзмэр үзүүллэгээ дэглэн олон нийтэд үйлчилгээ үзүүлдэг. Сан хөмрөгтөө түүх, угсаатан, шашин соёл, урлаг, уран сайхны төрөл зүйлийн 4000 орчим цуглуулгатай.