АРХАНГАЙ: Ахлах ангийн 580 сурагч байгалийн болон түүх соёлын гайхамшигтай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-05-21 13:35:32

Эрдэнэбулган, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Архангай аймаг 2024 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлаж, энэ хүрээнд олон ажил төлөвлөсний нэг нь "Аялагч хүүхдүүд" үйл ажиллагаа юм.

 

Ахлах ангийн хүүхдүүд нутаг орныхоо байгалийн болон түүхийн дурсгалт газруудаар аялангаа түүх, дурсгалын олон талын мэдлэг, мэдээлэлтэй болж, өөрийн нутаг усаараа бахархах, бусдад хуваалцаж, харилцан суралцах зорилгоор аймгийн Засаг дарга санаачлан, Соёл урлагийн газар БШУГ-тай хамтран энэхүү аяллыг эхлүүлжээ.



 

Эхний аялал энэ сарын 18-нд болсон ба Эрдэнэбулган сумын ЕБС-ийн ахлах ангийн 580 сурагчийг хамруулсан байна.

 

Хүүхдүүд баруун хойд чиглэлд Тайхар чулуу-Чулуутын хавцал-Хоргын тогоо-Тэрхийн цагаан нуур, зүүн чиглэлд Хөшөө цайдам музей-Эрдэнэзуу хийд-Хархорум музей-Уйгарын хар балгас гэсэн маршрутаар аялсан.  

 

Танин мэдэхүйн энэ аяллыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, хойч үедээ нутаг орныхоо бахархал, түүх дурсгал, үзэсгэлэнт газруудыг танилцуулахаар төлөвлөжээ.


Архангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 76 тоот тогтоолоор аймгийн байгалийн ес, түүх, соёлын есөн гайхамшгийг нэрлэж баталсан байдаг.

 

а/ Байгалийн есөн гайхамшиг:

Хорго, Тэрхийн цагаан нуур /Тариат сум/

Тайхар чулуу, түүний домогтой холбогдох хойд Тамирын хөндийн газрууд /Ихтамир сум/

Суварга хайрхан, Хошготын хүрхрээ /Цэнхэр сум/

Чулуут голын хавцал, Суман Чулуут голын бэлчир /Өндөр-Улаан, Тариат сум/

Булган уул /Эрдэнэбулган сум/

Ноён, Хатан хангай, Дашдагва уулс /Хангай сум/

Хөх нуур /Ихтамир сум/

Өгийнуур /Өгийнуур сум/

Бух чулуу, гурван голын бэлчир /Цэцэрлэг сум/

 

б/ Түүх, соёлын есөн гайхамшиг:

Хөшөө цайдам /Хашаат сум/

Заяын хүрээний цогцолбор /Эрдэнэбулган сум/

Чулуут голын хадны сүг зураг /Тариат, Өндөр-Улаан, Жаргалант сум/

Хүнүйн голын хөндий дэх хүннүгийн дурсгалууд /Ихтамир, Эрдэнэмандал, Хайрхан сум/

Балгасан тал дахь Хүннүгийн цогцолбор, Бичигт хангай /Өндөр-Улаан сум/

Хотонт сумын нутаг дахь дурсгалт газрууд /Уйгарын Хар балгас, Дойтын балгас, Ану хатны бунхан/

Хар хул хааны балгас, холбогдох домогт газрууд /Эрдэнэмандал сум/

Гэсэр ламын бунхан /Цахир сум/

Мухар хужиртын дурсгалт газрууд /Цэцэрлэг сум/

Холбоотой мэдээ