УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдийн нэрс тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-05-21 09:25:21

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдийн нэрсийг нам эвслүүд хуулийн хугацаанд багтаж тодрууллаа.


Нам эвслүүд сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийнхээ жагсаалтыг энэ сарын 25-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм. Бие даан нэрээ дэвшигчид ч ялгаагүй мөн хугацаанд багтаж баримт бичгээ тус хороонд хүргүүлэх үүрэг хүлээж буй.


Сонгуулийн ерөнхий хороо тэдгээр баримт бичгийг хүлээн авч, улмаар ирэх сарын нэгэн гэхэд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн байх юм. Тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд зургаадугаар сарын 3-наас өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дараагийн хүнийг бүртгүүлэх бололцоотой. Тус хороо дахин ирүүлсэн баримт бичигт үндэслэн, зургаадугаар сарын 10-наас өмнө бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ. 


Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 10-нд олгож, нийтэд мэдээлэх аж. Энэ удаагийн сонгуульд 23 нам, 2 эвсэл оролцоно.


Үндсэн хуульд зааснаар, УИХ-ын 126 гишүүний 78-ыг нь олныг төлөөлөх зарчмаар (мажоритор), 48-ыг нь хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонгоно.

Холбоотой мэдээ