Д.Эрдэнэчимэг: Хууль яаралтай батлах зохицуулалтыг тодорхой, нарийн болгох шаардлагатай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2024-05-24 14:48:23

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. “Нээлттэй нийгэм форум”-д “Нэн яаралтай горимоор хууль тогтоох үйл явц” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.


Хэлэлцүүлэгт судлаач, эдийн засагч Н.Энхбаяр нарын хуульч, судлаач, эдийн засагч нар, “Цогц” хөгжлийн Үндэсний төв, “Бодлогод залуусын хяналт” зэрэг иргэний нийгмийн ТББ-ын төлөөлөл оролцож, нэн яаралтай горимоор хууль тогтоох үйл явцыг энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд УИХ-аас баталсан “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-иар жишээ татан ярилцлаа.


Тодруулбал, хэлэлцүүлгээр дээрх хууль нь Хууль тогтоомжийн тухай хууль болон төсөвтэй холбоотой хууль, тогтоомжтой нийцэж буй талаар оролцогч нар санал солилцлоо. Хэлэлцүүлгийн талаар Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэгээс тодруулав.


Хуулийн ач холбогдол, чанар, үр дүнг хангаж байх шаардлагыг Хууль тогтоомжийн тухай хууль болон УИХ-ын Дэгийн тухай хуулиудаар тогтоосон байдаг.




Тэрбээр хэлэхдээ, сүүлийн үед УИХ-аас нэн яаралтай горим гэдгээр батлан гаргаж буй хуулиуд хууль тогтоох буюу Үндсэн хууль, бусад органик хуультай зөрчилдөж, нийцэхгүй байна. Үүнийг бид олон талаас хэлэлцлээ.

УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэн яаралтай горимоор хууль болон УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлж батлахаар зохицуулсан байдаг. Аливаа хуулийг яаралтай горимоор хэлэлцэх нэг гол үндэслэл нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах шаардлага үүссэн бол нэн яаралтайгаар хууль баталж болдог.  


Аливаа хуулийг олон нийтээр хэлэлцүүлэх нь зөрчилтэй хууль гаргахас урьдчилан сэргийлэх хамгийн том хамгаалалт бүхий бамбай юм.


Гэхдээ эдийн засгийн аюулгүй байдлыг урт хугацааны бодлогоор шийдвэр гаргаж, хангах шаардлагатай. Гэтэл нэн яаралтайгаар хууль батлаад байгаа нь бусад хуулиа зөрчиж, зөрчилдөөд байна.

Тиймээс хуулийг нэн яаралтай горимоор батлах үндэслэл болон тайлбарыг гамшгийн шинжтэй, гэнэтийн нөхцөл байдал учрах ч гэдэг юм уу, үндэсний аюулгүй байдалд эрсдэл гарч болох нөхцөл байдал гэдгээр яаралтай арга хэмжээ авах талаас нь нарийн, тодорхой болгох шаардлагатай байна гэв.

Хууль тогтоомжийн тухай хуулийг, хууль өргөн мэдүүлэх шаардлага, үндэслэлийг хянах, үнэлэх, зөрчилтэй хууль бол буцаах зэргээр боловсронгуй болгох хэрэгтэй байна.

“Нэгэнтээ нэн яаралтай горимоор баталсан хуулийг судалж, хэлэлцүүлэх, үр дагавар, үр дүн, үндэслэлийг тодорхой гаргаж, бусад хуультай зөрчилдөхгүй байхад цаашид юунд анхаарах ёстой вэ?” гэсэн асуултад тэрбээр:

  • Үндсэн хуулийн цэц УИХ-ын баталж гаргаж буй хуулийн үйл явцыг хянах үүргээ биелүүлж, энэ талаар УИХ-д шаардлага хүргүүлэх,
  • Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж болох,
  • Иргэд мөн Үндсэн хуулийн цэцэд хандах,
  • Эцэст нь, дээр дурдсан хуулийг нэн яаралтай горимоор батлах үндэслэл болон тайлбарыг нарийн, тодорхой болгох гэсэн ийм арга бүхий гарцууд байгаа гэв.

Холбоотой мэдээ