БУЛГАН: Хангинахын шугуйн шагайн харвааг 9 дэх жилдээ зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-05-27 14:42:08

Булган, 2024 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Хангинахын шугуйн шагайн харвааг 9 дэх жилдээ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багт тавдугаар сарын 25-27-нд зохион байгуулж байна.






Энэ жилийн хувьд аймгийн үндэсний Шагайн харвааны холбоо ерөнхий зохион байгуулагчаар, аймгийн ЗДТГ, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын ЗДТГ хамтран оролцож байна.




Улсын хэмжээнд үндэсний шагайн харваачдын хүсэн хүлээдэг чансаа өндөр уг харваанд 30 багийн 300 орчим харваач болон Монгол Улсын Үлэмж дархан мэргэн С.Ямааранз, Монгол Улсын мэргэн Т.Сонинбаатар, Монгол Улсын мэргэн Б.Бат-Эрдэнэ зэрэг харваачид өнгөлөн оролцож байна.




Түүх, уламжлал, ёс заншил гээд олон талт өвийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлж байгаа харваачидтай аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат уулзаж, цаашид хэрэгжүүлэхэд анхаарах зарим зүйлсийг зөвлөлдлөө.



Энэ жилийн наадмыг ахмад, насанд хүрэгчид, өсвөрийн шагайчид гэсэн 3 насны ангиллаар зохион байгуулж буйгаараа онцлог юм.


XIII зууны үед үүссэн шагайн харваа эхэн үедээ хаад ноёд өргөөндөө зугаацдаг наадгай байжээ. Хожим ард түмнийх болж, эрчүүдийн цэц мэргэнээ сорьдог наадам болон өргөжсөн байна. Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу буюу одоогийн Булган аймаг бол шагайн харвааны өлгий нутаг. Төв Халхын эртний гурван том тойрмын хоёр нь Булган аймагт үүссэн бөгөөд түүний нэг нь Хангинахын шагай тойром юм. Халх тойрмын шагайчид өнгөрсөн зууны эхэн үе хүртэл “хур орсон ч, хутга сийчсэн ч цуглана шүү” гэсэн болзоо тавьж жилд нэг удаа монос цэцэглэх цагаар эргэн уулзаж нааддаг байснаараа бусад тойрмоос онцлогтой байжээ.

 

Шагайн харваа нь зурхайнаас 9 тохой буюу 4.72 метр зайнаас харвадаг. Зурхайн голд байх хасааг онох бөгөөд харвах хэрэгслийг хашлага, сум гэнэ. Хашлаган дээр сумаа тавьж байгаад нясалж харвана. Анх далны ясан дээрээс шагай нясалдаг байжээ. Эдүгээ хашлагыг хар сэндэм, цагаан зандан модоор хийж, сумыг яшил, хар суман мод, эсвэл бугын эвэр, зааны ясаар хийнэ. Харваачдын баг 7 гишүүнтэй бөгөөд зургаа нь харвана. Эсрэг багтай 80 минут орчим тоглодог бөгөөд багууд тойргоор өрсөлдөхөд өдөрт 10 цагийн турш сууж тоглох шаардлагатай болдог.


Харваачид харваж дуусаад нутаг буцахдаа дэвжээгээ нар зөв тойрон уухайлж буцдаг. Шагайн харвааны үеэр уухайлдаг бөгөөд өөрийн талын аялгуулах уухайнд харваачдын цэц нэмэгддэг бол эсрэг багийн огцом, хүчтэй уухайнд барьц алддаг. Уухай нь төв халхын уухай, дөрвөд далай ханы, баяд урианхайн боржгин уухай гэж нутаг оронд өөр өөр байдаг бөгөөд наадмын үеэр голдуу Төв Халхын боржгин уухайгаар наадах болжээ. Уухай нь морины цол, гийнгоо, сурын уухайтай тун төстэй бөгөөд өөрийн талын харваачаа дэмжин цоллож урам өгч байгаа юм.



Шагай харвадаг хүн ямар нэгэн зүйлд нухацтай хандах, зөв шийдвэр гаргах, хүлээцтэй байх зэрэг чадвар эзэмшдэг бөгөөд түүнд байх ёстой зайлшгүй чанар бол тэвчээр, мэдрэмж хоёр ажээ.

Зурхай буюу өрөг хүртэлх орон зайг тооцоолж, биеийн тэнцвэрээ хангаж, хурууны эвслээ олсон байх учиртай ажээ. Шагайн харваа нь нэг төрлийн бясалгал, дотоод сэтгэлгээний өрсөлдөөн бөгөөд баг хамт олноо хүндэтгэх, нөхөрлөлийг батжуулдаг сайн талтай байна.

Холбоотой мэдээ