БАЯН-ӨЛГИЙ: Сурагчид эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол олноор бүртгэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-05-27 09:50:08

Өлгий, 2024 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд сүүлийн долоо хоногуудад ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12 дугаар ангийн сурагчдын төгсөлтийн баяр болж байгаа.


Үүнтэй холбоотойгоор сурагчид эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явдал олноор гарч байгааг аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.


Өнгөрсөн хугацаанд төгсөлтийн баярын үеэр сургуулийн насны хүүхдүүд эцэг эхийнхээ зөвшөөрөлгүй болон зөвшөөрөлтэйгөөр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 25 тохиолдол бүртгэгджээ. Зөрчил гаргасан ахлах ангийн сурагчдад Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцсон байна.


Ташрамд, Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.1 дэх хэсэгт "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох"-оор заасан байдаг.

Холбоотой мэдээ