Монакогийн Гран-Прид Ш.Леклер түрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-05-27 11:52:05

МОНАКО, 2024 оны тавдугаар сарын 27 /TASS/. "Формула-1" ангиллын авто уралдааны энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний найм дахь гараа буюу Монакогийн Гран-Прид "Феррари" багийн монако нисгэгч Шарль Леклер түрүүллээ. 


Леклер эх орондоо болсон гараанд анх удаагаа түрүүлсэн бөгөөд өмнө нь дөрөвдүгээр байрт орж байжээ. Тэрбээр уралдаанчийн замналдаа нийт зургаан удаа түрүүлсэн юм. Тус гарааны хоёрдугаар байрт "Макларен" багийн австрали нисгэгч Оскар Пиастри, гуравдугаар байрт “Феррари” багийн испани нисгэгч Карлос Сайнц оржээ.


Уралдааны эхний тойрогт Мексикийн нисгэгч Серхио Перес (Ред Булл) болон “Хаас” багийн герман нисгэгч Нико Хюлькенберг, Данийн нисгэгч Кевин Магнуссен нар осолдсоны улмаас уралдааныг зогсоосон байна. Мөн эхний тойргийн үеэр “Альпин” багийн нисгэгчид болох Францын Эстебан Окон, Пьер Гасли нар мөргөлдсөний улмаас Эстебан Окон уралдаанаа үргэлжлүүлэх боломжгүй болжээ. 


Монакогийн гараанд зургаадугаарт барианд орсон "Ред Булл" багийн нидерланд нисгэгч Макс Ферстаппен 169 оноогоор ДАШТ-д тэргүүлсэн хэвээр байна. Хоёрдугаарт Леклер (138 оноо) эрэмблэгдэж байгаа бол "Макларен" багийн британи нисгэгч Ландо Норрис (113) гуравдугаарт бичигджээ. Багийн чансаагаар “Ред Булл” (276) тэргүүн байранд явж  байгаа бол хоёр, гуравдугаарт “Феррари” (252), “Макларен” (184) багууд тус тус орж байна.


"Формула-1" -ийн дараагийн гараа Канад улсад зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд болно.



Холбоотой мэдээ