ТӨВ: XX зууны сүүл үед хамаарах монгол бичгийн машин

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-05-27 16:28:36

Зуунмод, 2024 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Музейн албан хэрэгцээнд зориулж монгол бичгийн машиныг 1993 онд худалдан авч, аж ахуйн дансанд бүртгэж байв. Уг бичгийн машиныг Төв аймгийн музейн захирлын 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №А/23 тоот тушаалаар үзмэрт авсан байна.


Монгол бичгийн машин нь ТӨМ2015.4 бүртгэлийн дугаартай, 49.5 х 38 х 22 см хэмжээтэй, XX зууны сүүл үед хамаарах ба БНХАУ-ын ӨМӨЗО-нд үйлдвэрлэжээ.


Бичгийн машиныг худалдан авах болсон түүхээс...


1991 оны Улсын бага хурлын 36 дугаар тогтоолоор албан хэргийг 1994 оноос монгол бичгээр хөтлөн явуулахаар болов. Үүний дагуу БНМАУ-ын Засгийн газар 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “БНМАУ-д албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангах тухай” 186 дугаар тогтоол гарчээ. 


Энэ тогтоол нь нийт хүн амыг 1991-1993 онд монгол бичигт сургах тухай байв. Үүний хүрээнд хөтөлбөр боловсруулах, сурах бичиг, гарын авлага, монгол бичгийн зөв бичих толь боловсруулан гаргах ажлуудыг гүйцэтгэхээр болов.


Түүнчлэн монгол бичгийг төгс эзэмшсэн туршлагатай хүмүүсээр заалгах, их, дээд сургуулийн монгол хэлний ангийн болон багшийн сургуулийн оюутнуудаар 1992 оноос хөдөлмөрчдийн дунд монгол бичиг заалгахаар болсон юм.


Мөн төрийн захиргаа, олон нийтийн байгууллагад ажиллах монгол бичгийн бичээч нарыг тус байгууллагуудын зардлаар нь сургаж бэлтгэх, орон нутагт сургах ажлыг орон нутгийн засаг захиргаанд даалгав.


Дээрх тогтоолыг хэрэгжүүлэхээр төв, орон нутгийн хэвлэлийн тоног төхөөрөмжийг шинэчлэн тоноглож, хэрэгцээт бичгийн машинаар 1992-1993 онд хангах, шаардагдах хөрөнгийг гаргах, хэвлэл мэдээллээр сурталчлах, сонин сэтгүүлд нүүр булан гаргах, заримыг монгол бичгээр дагнан хэвлэх гэх зэргийн тус тусын яаманд хариуцуулсан юм.


Ингэснээр Төв аймгийн Музейн албан хэрэгцээнд зориулж монгол бичгийн машиныг 1993 онд худалдан авч хэрэглээндээ нэвтрүүлж байжээ. 


Эх сурвалж: Төв аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан Э.Оюун

 

Холбоотой мэдээ