Рафахт өгсөн цохилтыг Б.Нетаньяху “эмгэнэлт алдаа” гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-05-28 08:48:36

ИЕРУСАЛИМ, 2024 оны тавдугаар сарын 28 /CNN/. Рафах хот дахь дүрвэгсдийн хуаранд өгсөн Израилын агаарын цохилт бол “эмгэнэлт алдаа” байсан гэж Ерөнхий сайд Биньямин Нетаньяху даваа гарагт мэдэгджээ. Газын өмнөд хэсэгт болсон уг хэрэг явдлыг шалгаж байгааг Израилын арми мэдэгдсэн байна. 


Газын эрх баригчдын мэдээлснээр, ням гарагт агаарын цохилт өгсний улмаас 45 хүн амиа алдаж, 200 хүн шархадсан байна. Харин Израилын цэргийнхэн тус бүс дэх ХАМАС бүлэглэлийн байр руу цохилт өгч, хоёр өндөр албан тушаалтныг устгасан гэж мэдэгджээ.


Израилын цохилт нь барьцаанд байгаа хүмүүсийг суллах ба гал зогсоох хэлэлцээнд саад учруулж магадгүй гэж Катарын тал мэдэгдсэн байна. Яриа хэлэлцээ мягмар гарагт үргэлжлэх төлөвтэй байна гэж албаны хүмүүс мэдээлжээ.


Израилын Засгийн газар Газын зурвас дахь дайны улмаас урьд хожид байгаагүй их хэмжээний дипломат шахалтад ороод байгаагийн зэрэгцээ дотоодын эсэргүүцэлтэй мөн тулгарч байна. Олон улсын шүүхээс Израилд хандан дайралтаа зогсоохыг үүрэгдсэнээс хойш хэдхэн хоногийн дараа Рафахт цохилт өгчээ.


НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Рафахын дүрвэгсдийн хуаранд цохилт өгсөн тухай асуудлаар мягмар гарагт яаралтай хуралдахаар шийдвэрлэжээ. “Хуралдаан хийх хүсэлтийг Алжирын тал гаргасанАюулгүйн Зөвлөл мягмар гаргийн 15:30 цагт хаалттай хуралдаан хийнэ" гэж НҮБ-ын дипломатч хэлсэн байна.



Холбоотой мэдээ