Араүма Б.Төртогтох зодог тайлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-28 10:52:57

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумод 2020 оны есдүгээр сарын башёгоос барилдаж, “Исэноүми” дэвжээний анхны гадаад бөх болсон Араүма Б.Төртогтох бэртлийн улмаас зодог тайлав.


Б.Төртогтох Тоттори Жохоку ахлах сургуулийг төгсөөд, Доошишия их сургуульд суралцан, 2020 оны гуравдугаар сард төгссөн. Улмаар “Исэноүми” дэвжээнд элсэж, Араүма буюу “Эмнэг догшин морь” нэрээр барилдсан билээ. 1775 онд байгуулагдсан тус дэвжээ уламжлал, ёс заншлаа хадгалан, гадаад бөх авдаггүй байсан ч Б.Төртогтох анхны нь гадаад сүмоч болж байлаа.


Өдгөө 27 настай тэрбээр макүшитад 13 башё барилдахдаа 39 давж, 45 унан, долоон удаа өнжжээ. Түүнчлэн жонокүчи, жонидан, санданмэ зиндаанд нийт найман башё барилдахдаа 40 давсан юм. Тэрбээр Японы оюутны сумогийн тэмцээнээс гурван медаль хүртэж байв.


Түүний өвөө Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат улсын начин Г.Бат-Эрдэнэ бол аав нь улсын начин Б.Баттогтох юм. 



Холбоотой мэдээ