Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дууслаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-29 09:18:10

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхээ боомттой холбох 6.9 км төмөр замын ажил дууслаа.


Шивээхүрэн-Сэхээ боомтыг төмөр замаар холбох нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын “Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан төмөр зам болох баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын эхлэл болж байгаа юм. Шивээхүрэн-Сэхээ боомтын 6.9 км төмөр замын суурь бүтцийг барьснаар Нарийнсухайтын орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэн экспортод гаргах шинэ хилийн гарцыг нээж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг 10 сая тонноор нэмнэ.



Мөн тээврийн өртөг багасаж, хүрээлэн буй орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл сайжрах, экспортыг нэмэх таатай нөхцөл бүрдүүлэхийг ЗТХЯ мэдээллээ.


Монгол Улсын төмөр замын тээврийн салбарыг хөгжүүлэх, дотоодын төмөр замын сүлжээг нэмэх, хилийн боомтын шинэ гарц бий болгох, уул, уурхай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замыг “Нарийн сухайтын төмөр зам” ХХК нэг жилийн хугацаанд өөрийн хөрөнгө оруулалтаараа хийж дуусгасан аж. 

Холбоотой мэдээ