ӨМНӨГОВЬ: Монгол банкны 100 жилийн ойд зориулан торгон маркийг гүйлгээнд гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад,
2024 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. "Хубилай хааны зарлиг-Монгол банкны 100
жил" сэдэвт шуудангийн маркийн нээлтийг зургаадугаар сарын 2-ны
өдөр Өмнөговь аймгийн Шуудан үйлчилгээний газарт хийлээ.
"Монгол шуудан" ХК-иас Монгол банкны 100 жилийн ойд зориулан торгон марк үйлдвэрлэж, Монгол орон
даяар нэг цагт нээлтээ хийжээ.
Нээлтэд Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж, аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын дарга Ж.Сайнжаргал, Монгол банкны Өмнөговь аймаг дахь хэлтсийн захирал Э.Жугарсүрэн болон бусад банкны салбарын захирлууд, ШҮГ-ын хамт олон оролцлоо.
Монгол
Улсад анх 1924 оны наймдугаар сарын 1-нд Ардын засгийн газрын түшмэл Бат-Очирын
санаачилгаар “марзан” Б.Шаравын зурсан зургаар бат бөх, дийлэгдэшгүйн бэлгэдэл
“Элдэв-Очир” сэдэвтэй маркийг хэвлэн гаргаж байсан түүхтэй.
Харин
"Хубилай хааны зарлиг-Монгол банкны 100 жил” марк нь Монгол Улсын 1148
дахь сэдвийн нэг марк бөгөөд Чингис хаан Монголын нэгдсэн тулгар төрийг
үүсгэн байгуулж, Сүхэс нэртэй алт, мөнгөн зоос цутгуулж 1227 онд дэлхийд анх
удаа цаасан тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд хэрэглэж эхэлсэн тухай илэрхийлсэн
түүхэн сэдэвтэй зургаар бүтээсэн "Хубилай хааны зарлиг-Монгол банкны 100
жил" сэдэвт маркийг 21000 ширхгийг хэвлэн шуудангийн үйлчилгээнд гаргаж эхэллээ.
Маркийн зургийг зураач Х.Одон, А.Ууганбаяр, Г.Ариунболд, Б.Отгонтүдэв нар зурж,
зургийн эх хувийг Монгол банкны төв байранд хадгалуулжээ.
Шуудангийн
марк нь дэлхийд Монгол улсыг сурталчлах, мөн тусгаар тогтнолын илэрхийлэл
болдог. Торгон маркийг 1982, 2006, 2024 онд гаргасан байна.