СЭЛЭНГЭ: Одонтой ээжүүд эрүүл энх, саруул сайхныг хүслээ
ФОТО МЭДЭЭСүхбаатар,
2024 оны зургаадугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Олон улсын
хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Сэлэнгэ аймаг "Хүүхдийн эрхийг
дээдэлье" уриан дор тэмдэглэлээ.
Энэ өдөр олон
сайхан баярт үйл явдал болж, үр хүүхдүүддээ зориулсан баярын үйл ажиллагаа өрнөлөө.
Эдгээрийн дотроос “Монголын үрс маш олон болтугай” хэмээх монгол түмнийхээ ерөөлийг
өргөж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар алдарт эхийн одон гардуулах үйл
ажиллагааг өргөн дэлгэр зохион байгууллаа.
Сэлэнгэ аймгаас
энэ жил эхийн алдар нэгдүгээр зэргийн одонгоор 39, хоёрдугаар зэргийн одонгоор
365 эх шагнуулж байна. Шагнуулж байгаа ээжүүдийн хамгийн залуу нь 25 настай бол
дундаж нас 34-37 байлаа.
Олон сайхан
хүүхэд төрүүлж өсгөн, тэднийгээ эрдэм боловсролтой, эрүүл чийрэг иргэн болгон
төлөвшүүлэхэд зүтгэсэн гавьяаг нь үнэлж алдаршуулж байгаа баярт үйл явдлын үеэр
баяр дээр нь баяр нэмж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс илгээсэн мэндчилгээг Ерөнхийлөгчийн
ахлах зөвлөх С.Лүндэг уншиж сонордууллаа.
Алдарт эхчүүдийн
шагналыг УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг,
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Сүхбаатар сумын ИТХ-ын дарга
Г.Амарбаясгалан нар гардуулан өглөө.
Ингээд Алдарт
эхийн 1, 2-р зэргийн одонгоор энгэрээ мялаасан ээжүүдийнхээ сэтгэгдлийг
хуваалцлаа.
Сүхбаатар
сумын иргэн, Алдарт эхийн 2-р зэргийн одонт А.Халиун: -“Би 4 охин төрүүллээ. Одонгийн хүүхэд маань 2
ихэр төрсөн. Сэтгэгдэл маш их өндөр байна. Их гоё байдаг юм байна. Уйлах гээд .
. .
Монголын
үрс маш олон, өнөр өтгөн болох болтугай. Бүх сайхан ээжүүддээ баярын мэнд хүргэе.
2-р одон авсан чинь 1-р одон авмаар санагдаж байна /инээв/. Би одоо 27 настай,
том охин маань 6 настай, дунд охин 3 настай, 2 ихэр 1 нас 8 сартай.
Би сэтгүүлч
мэргэжилтэй, одоо 4 охиноо өсгөөд ажил хийх боломжгүй, хувийн бизнес хийж байна.
Миний охид зөнгөөрөө маш тайван, ээжийгээ зовоохгүй өсгөж байна. Хамгийн гол нь
миний хүүхдүүдийг өсгөлцөж, надад маш их тусалдаг ээждээ баярлалаа гэж хэлье.
Г.Алтаннаран миний ээж. Мөн үргэлж тусалж, дэмжиж байдаг нөхөртөө, хадам ээждээ
маш их баярлалаа.
Сэлэнгэ аймгийн
Алтанбулаг сумын ЭМТ-ийн ахлах сувилагч Д.Отгонтуяа: “-Би 3 охин, 1 хүүтэй. Одонгийн маань хүүхэд хүү. Энэ
мөчид хүн ээжийгээ л их боддог юм байна. Би дээрээ 2 эгчтэй, 2 эгч маань бас
энэ онд 2-р зэргийн одон авч байгаа. Ээж минь бас одонтой, 6 сайхан хүүхэд
төрүүлж өсгөсөн. Би ээжээрээ бахархаж байна. Миний хүүхдүүд 14, 10, 6, 1 настай.
Монголын сайхан ээж нартаа баярын мэнд хүргэе.
Б.Урантөгс: “-Би 6 сайхан охин төрүүлж өсгөсөн. 1-р
одон авсандаа баяртай байна. Энэ мөчид би ханьдаа, төрүүлж өсгөсөн аав, ээждээ
баярлалаа гэж хэлмээр байна. Намайг төрүүлж, өсгөөгүй бол ийм хөөрхөн охидтой,
сайн ханьтай учрахгүй байх байсан. Иймээс энэ мөчид би ээжийгээ маш их бодож
байна. Та нартаа хайртай шүү. Хамгийн
том охин 11-р анги бага нь 1.5 настай.
Н.Нандинцэцэг:
-Би 4 хүү, 2 охин охинтой. 1-р
одон авсандаа баярлаж байна. Хүүхдүүд минь гадаа хүлээгээд л зогсож байгаа. Өөрийхөө
хүч чадлыг үр хүүхдүүддээ л зориулна гэж боддог. Бүгд л догдлоод баяртай байна.
Б.Ариунаа:
“-Би 5 хүү, 1 охинтой. Сэтгэл
их өндөр байна. Том хүүхэд маань 20 настай, бага нь 1.5 сартай. Баярын өдөр 1-р
одонгоо авсандаа баяртай байна.
О.Чимгээгэрэл:
-“Сэтгэл маш өндөр, догдолж
байна. Ард минь байнга тусалж дэмжиж байдаг ханьдаа, аав, ээждээ, хамаатан садангууддаа,
гэр бүлийхэндээ баярлалаа. Би 2 охин, 4 хүүтэй. Том охин маань 9-р анги, бага
охин 1 нас 2 сартай. 4 хүүгийн маань 2 нь ихэр, бүгд цэцэрлэг, сургуулиар
хүмүүжиж байгаа.
Э.Эрдэнэцэцэг:
“-Би 6 хүүхэдтэй, 2
охин, 4 хүүтэй, том, бага 2 маань охин, дундах нь 4 хүү. Би дээрээ 2 ахтай,
айлын ганц охин. Ээждээ баярлалаа. Ээж минь надаас илүү баярлаж байгаа. Ханьдаа,
үр хүүхдүүддээ, 2 талынхаа аав, ээжүүддээ баярлалаа. Сайхан баярлаарай.
ХЦ-ийн
0101-р ангийн алба хаагч, хилчин бүсгүй Э.Жавзандулам: Өнөөдөр алдарт эхийн 2-р зэргийн одонгоо
авч байна, үнэхээр гоё байна. Өөрийн хөдөлмөр, үнэнч шударгаар авдаг одон
гэж боддог. Энд хүрэлцэн ирсэн бүх сайхан ээжүүддээ эх үрсийн баярын мэндийг
хүргэе.
Би хилийн
албанд 2012 оноос хойш зүтгэж байна. Том хүү 13 настай, бага ой 4
сартай. Эхний 3 хүү төрж, дархан бэр болсон. Тэгээд 4 дэх нь охин гарч, эхийн
алдар 2-р одонгоо авч байгаадаа баяртай байна.
Бүх ээжүүд,
үрс минь эрүүл энх, саруул сайхан байх болтугай.
Сэлэнгэ аймгийн
Шаамар сумын иргэн Б.Ууганцэцэг: Би 2 охин, 4 хүү төрүүлж өсгөж байна. Сэтгэл маш их өндөр, гоё байна. Би
Шаамар сумын ЕБС-ийн тогоочоор ажилладаг. Хамгийн бага нь 1 нас 5 сартай, том
нь 16 настай. Том охин маань дүү нараа харах, гэрийн ажилд туслах гээд бүх юмыг
хийнэ. Дээрээсээ доошоо дүү нараа хараад ээждээ маш их тусалдаг.
Хөвгүүдийн 2 нь ихэр. Би өөрөө айлын том охин, эхээсээ 2-уулаа. Тогоочийн ажил онцлогтой. Өглөө эрт ажилдаа явдаг. Энэ завгүй ажилд үр хүүхдүүдийг минь харж тусалдаг хадам ээж З.Батсайхандаа баярлалаа. Маш мундаг хүн байдаг. Би үр хүүхдүүдээ мэдлэг боловсролтой, зөв иргэн болгон хүмүүжүүлэхийг зорьдог.