Улсын хоёрдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын тусламжийг улам сайжруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2024-06-11 09:01:16

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Улсын хоёрдугаар төв эмнэлэг мэдрэлийн мэс заслын багаж тоног төхөөрөмж, мэс заслын тусламжийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна. 


Тус эмнэлгийн эмч нар Хүрээ ротари клубт энэхүү төслийг хэрэгжүүлэх хүсэлт тавьсны дагуу олон улсын Глобал грант төсөл байдлаар хамтран хэрэгжүүлэхээр тогтжээ. Төслийн хүрээнд нийт 85,988 ам.долларын мэс заслын нарийн багажийг хүлээлгэн өгчээ. Монгол Улсын Хүрээ ротари клуб, Улаанбаатар Скай ротари клуб, БНСУ-ын 3, Япон Улсын нэг ротари клуб болон Солонгосын олон улсын ротарийн 2 дүүрэг, Дэлхийн ротари сангаас санхүүжүүлэн хамтран хэрэгжүүлж байна. 


Төслийг хэрэгжүүлснээр мэс заслын шинэ аргуудыг нэвтрүүлэх, одоо хийж буй мэс заслын арга техник сайжрах, тусламж үйлчилгээ чанаржих, мэс заслын хүлээгдэл буурах юм. 


Манай улсын хувьд тархины харвалт жилд дунджаар 100,000 хүн амд 290 тохиолдож байна. Үүнээс нас баралт 100,000-д 49.0 хүрч байгаа нь цус харвах эмгэг ихтэй орнуудын тоонд хамаарч байна.

Улсын хэмжээнд 2020 он хүртэл Мэдрэлийн мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг УГТЭ-ийн мэдрэлийн мэс заслын тасаг нийт 3.2 сая иргэнд үзүүлж ирсэн. Энэ нь нийт хүн амын тоонд харьцуулахад хангалтгүй байсан тул үйлчилгээний төвлөрлийг сааруулах, тусламж үйлчилгээг сайжруулахаар ЭМ-ийн сайдын тушаалаар 2022 оны 6 дугаар сараас УХТЭ-т 3 эмч, 15 ортой мэдрэлийн мэс заслын тасгийг байгуулсан. Ингэснээр тус тасаг зүүн чиглэлийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр аймаг болон Баянзүрх, Багануур, Багахангай, Налайх, Сүхбаатар дүүргийн нийт нэг сая гаруй хүн амд мэдрэлийн мэс заслын яаралтай болон төлөвлөгөөт мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой болжээ. 

Тус тасаг байгуулагдсанаас хойш 3 жилийн хугацаанд буюу 2023 байдлаар 1000 орчим нуруу нугасны дуран болон бичил мэс заслыг амжилттай хийсэн байна. 


УХТЭ цус харвах, тархи нуруу нугасны хавдрыг дэлхийн жишигт хүрсэн тоног төхөөрөмжөөр оношлон эмчилж байгаа аж. 




Холбоотой мэдээ