Лаос улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргий Нали Сисүлитийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Ерөнхийлөгч Тонглун Сисүлит болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд нар угтаж авав.
БНАЛАУ-ын Ерөнхийлөгчийн түвшинд 17 жилийн дараа болж байгаа айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, эрх зүйн орчныг бэхжүүлэх хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Монгол Улс, Лаос Улс 1962 онд дипломат харилцаа тогтоосон юм. Лаос Улсын Ерөнхийлөгчийн түвшинд 1980 оноос хойш хийж байгаа дөрөв дэх удаагийн айлчлал болж байна.