Хонины аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөн тэжээлийн үйлдвэрт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-06-11 14:08:44

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Хонины аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөн өнгөрсөн амралтын өдрүүдэд “Түмэн шувуут" ХК-ийн "Агрофийд" тэжээлийн үйлдвэрт боллоо.




ХХААХҮЯ, Дэлхийн банкны мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс дэмжин, “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын мал зүйч үржүүлэгчдийн үндэсний холбоо ТББ-аас зохион байгуулсан уг зөвлөгөөн тэжээлийн үйлдвэрт болсон нь мал аж ахуйн салбарыг тэжээлийн үйлдвэрлэлтэй холбон цогцоор хөгжүүлэх зорилготой байсныг зохион байгуулагчид хэлж байлаа. Учир нь малын чанар, үүлдрийг сайжруулж, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэхэд чухал салшгүй хэсэг нь тэжээлийн үйлдвэрлэл буюу малын тэжээллэг арчилгаа болж буйг мэргэжилтнүүд онцоллоо.  


Зөвлөгөөнөөр мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийг чадавхжуулах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар малчид, хонины аж ахуй эрхлэгчид, салбарын эрдэмтэн судлаач нар хэлэлцлээ. Зөвлөгөөнөөр хонийг орчин үеийн технологи ашиглан ноослох үзүүлэн сургалтыг зохион байгуулж, хонины үүлдэр, ноослог байдал, махны чиглэлийг танилцуулав. 



“Энд бид ирснээр цаашид эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хонины аж ахуйг эрчимжүүлэх, энэ талын маллагаа,, арчилгааны талаар юм сонсож, эрдэмтэн судлаачдын туршлагыг үр дүнтэй танилцаж, судалж, тархиа цэнэглэлээ” хэмээн зөвлөгөөнд оролцсон малчид ярьж байлаа. 

Холбоотой мэдээ