Хятадын хэрэглээний үнийн индекс дөрвөн сар дараалан өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН, 2024 оны зургаадугаар сарын 13 /NHK/. Хятадад хэрэглээний үнэ өнгөрсөн сард дөрөв дэх сардаа дараалан өссөн үзүүлэлттэй гарсан ч тус улсын иргэд хэмнэхийг улам бүр илүүд үзэж байгаа тул дефляцын дарамт хэвээр байна.
Хятадын Үндэсний статистикийн товчооноос мэдээлснээр, өнгөрсөн сард хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны тавдугаар сарынхтай харьцуулахад 0.3 хувиар өсжээ.
Аялал жуулчлалын эрэлт нэмэгдэж байгаа нь холбогдох үйлчилгээний өртөг нэмэгдэхэд хүргэсэн байна. Хэрэглээний үнэ өсөхөд нөлөөлсөн хүчин зүйлүүдийн нэг нь бензиний үнийн өсөлт байв.
Үүний сацуу автомашин, ухаалаг гар утасны үнэ үргэлжлэн буурсан байна. Мөн орон сууцны борлуулалт сул байгаа нь тавилга, гэр ахуйн хэрэгслийн үнэ буурахад хүргэжээ.
Хятадын засгийн газар үл хөдлөх хөрөнгийн салбарт түлхэц өгөхийн тулд орон нутгийн засаг захиргааг зарагдаагүй орон сууцуудыг худалдаж авахыг албадаж байна. Мөн дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхийн тулд хуучин автомашин, гэр ахуйн цахилгаан хэрэгслээ шинээр солихыг хэрэглэгчдэд уриалж байна.
Харин үйлдвэрлэгчийн үнийн индекс тавдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 1.4 хувиар унаж, 20 дахь сардаа дараалан буурчээ. Үйлдвэрлэгчийн үнийн индекс нь бараа бүтээгдэхүүний үйлдвэрийн үнэд гарсан өөрчлөлтийн хэмжигдэхүүн юм.