Румыний Ерөнхийлөгч НАТО-гийн тэргүүний албан тушаалаас нэрээ татжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-06-21 09:52:14

БУДАПЕШТ, 2024 оны зургаадугаар сарын 21 /VOA/. Румын улсын Ерөнхийлөгч Клаус Йоханнис НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас нэрээ татаж байгаагаа пүрэв гарагт мэдэгджээ. Ингэснээр Умард Атлантын эвслийн дараагийн ерөнхий нарийн бичгийн даргаар Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте болохоор болж байна. 


Румын улс Рюттег дэмжиж, агаарын довтолгооноос хамгаалах ижил системээр солих нөхцөлтэйгөөр хоёр “Пэтриот” системийнхээ нэгийг Украинд өгнө гэж К.Йоханнис Бухарестийн Батлан хамгаалахын дээд зөвлөлийн (CSAT) хурлын үеэр мэдэгджээ.   


“Украины аюулгүй байдал эрс дордсон, түүнчлэн бүс нутагт, тэр дундаа Румыний аюулгүй байдалд учирч болзошгүй үр дагаврыг харгалзан “Пэтриот” системийг шилжүүлэн шийдвэрийг гаргасан" гэж CSAT-ын мэдэгдэлд дурджээ. К.Йоханнис нэрээ татсан тухайгаа өнгөрсөн долоо хоногт НАТО-д мэдэгдсэн гэдгийг уг мэдэгдэлд тэмдэглэсэн байна. 


НАТО шийдвэрээ зөвшилцлийн үндсэн дээр гаргадаг тул аливаа нэр дэвшигч бүх 32 гишүүн улсын дэмжлэгийг авах ёстой. Умард Атлантын эвслийн ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд М.Рюттег нэр дэвшүүлэхийг өнөөг хүртэл эсэргүүцэж байсан цорын ганц улс нь Румын байв.


Холбоотой мэдээ