ДУНДГОВЬ: 9 цэгт дахивар ангилан цуглуулах хогийн сав байршуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-06-26 09:55:56
altantogos

Мандалговь, 2024 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Орон нутгийн төсвийн 36 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус аймгийн нийтийн эзэмшлийн талбай, төвийн орон сууцны хорооллын 9 цэгт дахивар ангилан авах хогийн сав байршуулжээ.


Дахивар нөөц цуглуулах дээрх хогийн сав нь дахин ашиглах боломжтой шил, хөнгөн цагаан лааз, ус, ундаа, шар айргийн хуванцар сав, HDPE тэмдэглэгээ бүхий хуванцар сав, сунаж урагддаг гялгар уут, бор картон хайрцаг зэргийг ангилж бэлтгэн тус тусад нь хийх зориулалттай.


Дахин боловсруулах хог хаягдлыг цуглуулах ажил Дундговь аймагт 2022 оноос идэвхжиж байна. Тодруулбал, 2020 оноос Баялаг төв үүд хаалгаа нээж, иргэдэд сургалт хийж, дахивар цуглуулах сав байршуулж, сургуулийн сурагчдын дунд уралдаан зарлах гэх мэт идэвхтэй үйл ажиллагаа явуулснаар иргэдийн хувьд хогоо ангилан ялгах хандлага сайжирсан байна.


Энэ тухай Баялаг төвийн сургагч багш Э.Эрдэнэжаргал “Манай байгууллага анх аймгийн БОАЖГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа эхэлж, түүнээс хойш бага багаар дахивар авч байгаад 2022 оноос идэвхжсэн. Ойролцоогоор 3000 гаруй иргэнд хогоо хэрхэн ангилан ялгах тухай сургалт хийсэн байна.


БОАЖГ, Орон нутгийн өмчийн газар, ЭМГ, Уламжлалт анагаах ухааны эмнэлэг, УЦУОШТ, Нэгдсэн эмнэлэг, МСҮТ зэрэг төрийн байгууллага, дэлгүүр, үйлчилгээний газрууд дахин боловсруулах боломжтой хог хаягдлаа тогтмол өгдөг болсон.


Өнгөрсөн жил манайх нийт 81 тонн дахивар авч, Улаанбаатарт тушаасан. Энэ хэмжээгээр манай аймгийн хог хаягдал буурсан гэсэн үг. Аймгаас ч бодлогоор хог хаягдлын менежментийг сайжруулахад анхаарч байна” гэлээ. 

Холбоотой мэдээ