Тааламжгүй, сөрөг мэдрэмжтэй хүмүүст Сэтгэцийн анхны тусламж үзүүлэх нь чухал

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2016-10-10 13:42:04

Жил бүрийн 10 дугаар сарын 10-нд “Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр”-ийг дэлхий нийтээр тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Сэтгэцийн эрүүл мэнд ба сэтгэлзүйн тусламжийг хүн бүрт хүргэцгээе” уриан дор зохион байгуулж байна.

Өнөөдөр "Монгол ньюс" компанийн Мэдээллийн төвд Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төв /СЭСҮТ/-өөс хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр "Дэлхийн хүн амын 4 хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгдэж байгаагаас гадна хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг 10 өвчний 5 нь сэтгэцийн эмгэг байна" хэмээн онцолж байв.

Хэн ч, хэзээ ч сэтгэцийн эмгэгээр өвдөхийг үгүйсгэх аргагүй бөгөөд өдөр тутмын бухимдал, зан зүйлийн өөрчлөлт болон архи тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчирхийлэл, гэмт хэрэг үйлдэх, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдах зэрэг олон сөрөг үр дагаварт хүргэдэг. Манай улсын хувьд 2013 онд хийсэн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн 18.5 хувь нь сэтгэл түгшилттэй, 17.1 хувь нь нойрны эмгэгтэй, 16.2 хувь нь мэдрэл сульдаатай, 4.4 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй хэмээн бүртгэгджээ.

Тааламжгүй, сөрөг мэдрэмжтэй байгаа хүмүүст сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх, сэтгэц, биеийн эрүүл мэндийг нэгэн зэрэг авч үзэх, эмчлэх, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад хүмүүсийг татан оролцуулах, иргэд байгууллагатай хамтран сэтгэц, сэтгэлзүйн анхны тусламж үзүүлэх нь чухал гэдгийг СЭСҮТ-өөс мэдээлж байна.

“Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр”-ийг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүн амд зориулсан өдөрлөг зохион байгуулах, байгууллага, хамт олон, эрүүл мэнд цагдаагийн ажилтан зэрэг 500 орчим хүнд “Сэтгэцийн эрүүл мэнд ба сэтгэлзүйн анхны тусламж” сэдвээр сургалт зохион байгуулах юм.

Сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ авч буй хүмүүс ажлын байр, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн дунд ялгаварлан гадуурхалт, сэтгэл санаа болон бие махбодийн хүчирхийлэлд өртдөг байна. Ингэснээр тэд асуудлаа гэр бүл, найз нөхөд ойр дотныхондоо ярилцахаас зайлсхийж, нийгмийн идэвхтэй харилцаанаас татгалздаг. Тиймээс сэтгэц, сэтгэлзүйн анхны тусламж үзүүлэх мэргэжлийн байгууллага, хүний нөөцийн дутагдалтай байдалд анхаарах, цаашид энэ төрлийн үйлчилгээг байгууллага бүрд түгээх шаардлагатай байгаа юм.

СЭСҮТ нь сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийн талаархи төр, засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд улсын хэмжээнд үйл ажиллагаагаа чиглүүлэн, I, II, III шатлалын тусламж үйлчилгээг мэргэжил арга зүйн удирдлагаар чанартай хүртээмжтэй тасралтгүй ханган ажиллаж байна. Мөн гадаад харилцаа, эрдэм шинжилгээ, судалгааны ажил болон хүн амын дунд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэхэд мэдээлэл, сургалт сурталчилгааг өргөжүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулахад төгсөлтийн дараах сургалтыг тогтмол зохион байгуулж байгаа юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ