“Учиртай гурван толгой” дуурьд тоглох дуучид тодорчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-07-03 15:04:40

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/.  Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын анхны дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд олны хүртээл болгоно.


Энэ ажлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театртай хамтран зохион байгуулж байгаа юм.


Дуурийн гол дүрийг сонгох уралдааныг уран бүтээлчдийн дунд нээлттэй зарласан. Дуурийн найруулагчаар МУСТА С.Баттулга, удирдаачаар Ц.Тэлмүүн-Очир ажиллаж байна.


Юндэнгийн дүрд дуучин Э.Анхбаяр, Нансалмаад УДБЭТ-ын дуучин Б.Энхнаран, Балганд УБДЭТ-ын дуучин О.Хүрэлбаатар, Хоролмаагийн дүрд мөн УБДЭТ-ын гоцлол дуучин Б.Одонзаяа, Худалдаачинд тус театрын гоцлол дуучин Э.Отгонбат, Бүүвэйчийн дүрд гоцлол дуучин М.Дариймаа нар тоглохоор шалгарчээ.


Холбоотой мэдээ