ДУНДГОВЬ: Шар сүүгээр бүтээгдэхүүн хийх аргачлалд суралцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-07-08 11:40:18
altantogos

Мандалговь, 2024 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дундговь аймаг дахь салбараас шар сүүгээр чихэр, молоко, цэлцэгнүүр зэрэг бүтээгдэхүүн хийх технологийн сургалт зохион байгуулж, 6 сумын 27 эмэгтэй оролцлоо.


Шар сүүний ач тус маш их. Тодруулбал, шар сүү кальцийн агууламж өндөр тул ясны сийрэгжилтээс сэргийлж, хүүхдийн өсөлтийг дэмждэг. Зуны цагт хүүхдийг шар сүүнд оруулах, айргаар биеийг нь шавших аргуудыг малчид өргөн ашигладаг ба энэ нь хүүхдийг чийрэгжүүлж, дархлааг дэмждэг онцлогтой юм.


Зуны улиралд идээ цагаагаа хийж, шар сүү ихээр хуримтлагддаг. Зарим малчин шар сүүгээ зүгээр л асгадаг бол зарим нь сур элдэх, савлаж өвөл малдаа өгч тэнхрүүлэх гэх мэтээр ахуйдаа өргөн ашигладаг.


Шар сүүг цөс угаах зэрэгт эмчилгээний зориулалтаар ууж хэрэглэх нь ч бий. Гэхдээ дангаар нь уухад таагүй амттай тул хүүхдэд чихэр, молоко, цэлцэгнүүр хийж өгвөл дуртай байдаг.


Тиймээс Монголын эмэгтэйчүүдийн холбооны тус аймаг дахь салбараас тус сургалтыг зохион байгуулж, технологич, багш С.Золзаяа оролцогчдод дээрх бүтээгдэхүүнийг технологийн нь дагуу гэрийн нөхцөлд хэрхэн хийх аргад ийнхүү сургажээ. 





















Холбоотой мэдээ