НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал манай улсад айлчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-08 16:35:29

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын Ерөнхий захирал Чу Донгиу манай улсад энэ сарын 10-12-ны өдрүүдэд албан ёсоор айлчилна.


Др. Чу Донгиу ХХААБ-ын Ерөнхий захирлын албыг хүлээн авснаас хойш Монгол Улсад хийж буй анхны энэ айлчлал нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой. Айлчлалын үеэр тэрбээр Монгол Улсын төр, засгийн тэргүүн, зарим сайд нартай уулзаж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт хүртээмжтэй, эрсдэлийг даван туулах чадавх бүхий хүнс, хөдөө аж ахуйн тогтвортой тогтолцоог бий болгоход Монгол Улс, ХХААБ хооронд харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцоно.


Монгол Улс ХХААБ-ын гишүүнээр 1973 онд элсэж, ХХААБ-ын Бээжин дэх төлөөлөгч Монголын асуудлыг хамаарч байгаад, 2018 онд Монгол Улсыг хариуцсан Суурин төлөөлөгч томилогджээ. Монгол Улс, ХХААБ-ын хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд өргөжин тэлж, найдвартай түншлэл бий болгосны зэрэгцээ ХХААБ нь Монголын хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарт шинжлэх ухаанд суурилсан бодлого хэрэгжүүлэх, инновац, технологи нэвтрүүлэх, шинжлэх ухааны судалгааг дэмждэг. ХХААБ-ын хэрэгжүүлсэн олон төсөл, хөтөлбөр нь монголчуудын амьжиргаа, сайн сайхан байдлын үндэс болж, байгаль цаг уурын нөхцөл байдлаас хамааралтай хүнс, хөдөө аж ахуйн салбарт үр өгөөжөө өгсөөр байгааг Гадаад харилцааны яам мэдээллээ. 

Холбоотой мэдээ