Үндэсний их сурын харваанд 686 харваач цэц мэргэнээ сорьж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны
долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний
эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103
жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний их сурын харваа 7 дугаар сарын
6-нд хүүхдийн сурын харваагаар эхэлсэн.
Энэ жилийн наадмаар
үндэсний сурын харваанд оролцогч харваачдын тоог хязгаарлаагүй, нээлттэй
байдлаар тэмцээнийг зохион байгуулж байгаагаар онцлог болж байна. Тиймээс
хүүхдийн сурын харвааг 7 дугаар сарын 6-нд, Урианхай сурын харвааг 7 дугаар
сарын 7-нд, 8-ны өдөр Буриад сурын харвааг явуулж, нэг нэг өдрөөр урагшлуулан,
аль болох олон харваач оролцуулж байгааг Буриад сурын Улсын мэргэн, спортын
мастер Б.Амарсайхан хэллээ.
Буриад сурын харваанд шинээр Улсын хоёр мэргэн тодроод байна.
Долоодугаар сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд болсон энэ жилийн наадмын Буриад сурын харваанд 180 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос Улсын хоёр шинэ мэргэн харваач тодроод байгааг Монголын Буриад сурын харвааны холбооноос мэдээллээ.
Эрэгтэйчүүдээс Дорнод
аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, спортын мастер Б.Зоригтбаатар 64 суманд 63
онож түрүүлэн Улсын мэргэний цолны болзолыг хангасан бол эмэгтэйчүүдээс Хэнтий
аймгийн Дадал сумын уугуул, Онон багийн болон “Цэцэн хааны мэргэд” холбооны
харваач, спортын мастер Г.Эрдэнтуул мөн 64 сумнаас 58 онож Улсын мэргэн болоод
байна.
Өчигдөр эхэлсэн Үндэсний их сурын харваанд 686 харваач цэц мэргэнээ сорьж байна.
Урианхай, буриад сурын харваа, үндэсний их сурын харваа нь Үндэсний их баяр наадмын үндсэн гурван харваа юм.
Ташрамд тодруулахад, Буриад
сурын харваа нь исгэрдэг сумаар харвадаг, бай нь их нарийн учраас харваач
анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлдэг онцлогтой аж. Ингэснээр Их сурын харваанд
амжилт гаргах хөшүүрэг болдог байна. Буриад сурын харваанд түрүүлсэн
харваач Улсын мэргэн цолтой болдог уламжлалтай. Үндэсний сур харваачдын цолыг:
- Нэг түрүүлбэл ”Улсын
мэргэн”
- Хоёр түрүүлбэл ”Даян
мэргэн”
- Гурав түрүүлбэл ”Даяар
дуурьсах мэргэн”
- Дөрөв түрүүлбэл ”Дархан
мэргэн цол”
- Улсын наадамд хоёрдугаар
байр эзэлсэн харваачид ”Гарамгай харваач цол”
- Гуравдугаар байр эзэлсэн
харваачид ”Гоц харваач” цолыг тус тус хүртээдэг байна.