ДУНДГОВЬ: Аргал хамгийн эко түлш

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-07-18 11:37:47
altantogos

Мандалговь, 2024 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Говийн малчин айл бүрийн гадна хураалттай аргал байдаг. Аргал бол монголчуудын гал голомтыг бадрааж ирсэн, илч сайтай, олдоцтой, хамгийн эко түлш юм.


Малын амьсгалаас бусдыг ашиглах боломжтой гэдэг. Тэгвэл малын ялгадас нь хүртэл түлш болдог. Түүнийг түүж, түлшиндээ ашиглах уламжлал эрт үеэс улбаатай гэдэг.


Түүнээс гадна аргалын утаа нянг устгах чадвартай гэдэг. Малчид одоо ч хуучирсан эд зүйлсийг мөөгөнцөртөж хорхойтохоос хамгаалах, гэр, байшингийн чийг гаргах, гэрээс ялаа батгана, шавж хорхойг зайлуулах, малын элдэв өвчин гарах зэрэгт аргал уугуулдаг заншилтай.


Говь нутагт үхрийн аргал, тэмээний хоргол, адууны хомоолыг түлшиндээ хэрэглэнэ. Харин өвлийн улиралд хорооныхоо хөрзөнг ховхлон түлдэг. Хөрзөн нь аргалыг бодвол илүү илчлэг байдаг ба дулаанаа удаан хадгалдаг тул өвлийн улиралд түлшиндээ хэрэглэнэ.


Малчид түлшээ ийнхүү хээрээс түүж бэлтгэдэг. 2023 оны оны жилийн эцэст Дундговь аймгийн хэмжээнд 7344 малчин өрх 85 520 үхэр, 194 643 адуу, 43 708 тэмээ тоолуулжээ. Үхэр цөөтэй нутагт аргал ховор байдаг ч говийн малчид хэзээ ч түлш худалдаж авдаггүй, аргал ихтэй газрыг хайж түлшээ бэлтгэдэг.


Олон үхэртэй айл үхрийн аргалаа овоолж, нойтон баасаар гадуур нь шавж хамгаалдаг уламжлалтай. Ажилтай айл гаднаасаа андашгүй хэмээн ахмадууд сургадаг байж.


Сүүлийн жилүүдэд залуу малчин эмэгтэйчүүд газан плитка ашиглаж, аргал түүх нь ховордож, идээ, цагаагаа гал дээр хийх явдал багасч байгаа нь өв соёл, уламжлал, зан заншлаа мартахад хүрч байна хэмээн ахмадууд шүүмжилдэг.


Аргал түүхдээ араг үүрдэг эмэгтэй цөөрч, гаднаа араг хөмөрсөн малчин өрх ч ховордсон байна. Араг үүрч аргалд явах нь эмэгтэй хүнд их ээлтэй гэдэг. Араг, шээзгий, хунз зэрэг нь эх хүний сүлдийг өргөдөг ч гэх нь бий.



Тиймээс монгол эмэгтэйчүүд аргийг хэзээ ч хөлөөрөө өшигчиж, ийш тийш нь авч хаядаггүй, хөдөлгөх бол хоёр гардан аваад зөөлөн гэгч байрлуулж тавьдаг уламжлалтай байсан. Малчид араг үүрсэн эх хүнээс хамаг муу ёрын хар салхи үргэж дааждаг хэмээн бэлгэшээж, хүүхдийг багаас нь араг шээзгий үүрүүлж, ээжийг нь дагуулан аргалд явуулдаг байжээ. 

Холбоотой мэдээ