БУЛГАН: Бугат сумын түүхэн 100 жилийн баяр наадам өргөн дэлгэр болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-07-19 10:40:48

Булган, 2024 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Бугат сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болж байна.

 

Булган аймгийн Бугат сумын түүхт 100 жилийн ойг тохиолдуулан орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө идэвх зүтгэл гарган ажиллаж бүтээлч хувь нэмэр оруулсныг нь үнэлж Сэмжидийн Батжаргалыг аймгийн Дээд шагнал “Ардын Хатанбаатар Магсаржав”-ын нэрэмжит шагналаар шагналаа.


Мал аж ахуйн үйлдвэрлэлд тогтвортой амжилт гаргаж, мал сүргийнхээ үүлдэрлэг байдлыг сайжруулан, малгүй буюу цөөн малтай өрхийг малжуулж, мал маллах арга туршлагыг залуу малчдад эзэмшүүлэх талаар санаачилгатай ажиллаж байгаа Бугат сумын Баянтөгөл багийн малчин Даваасамбуугийн Төвсанааг "Монгол Улсын хөдөө аж ахуйн Хөдөлмөрийн ууган баатар, хоньчин З.Очир"-ын нэрэмжит шагналаар шагналаа.


Бугат нутгаас Монгол Улсын “Мэргэн сайд” Агданбуугийн Амар, Эрдэнэ дайчин чин ван Мижиддоржийн Ханддорж, түүхийн ухааны доктор академич Ж.Болдбаатар зэрэг төр, нийгмийн зүтгэлтнүүд төрсөн.


"Зууны манлай дуурийн дуучин Н.Уртнасан, Монгол Улсын Гавьяат багш, математикийн шинжлэх ухааны доктор, профессор Дамбын Шагдар, МУГЖ, найруулагч Л.Эрдэнэбулган, ард олноо "Хөх чоно" хэмээн алдаршсан жүжигчин С.Дамдин, яруу найрагч Д.Урианхай, Гавьяат жүжигчин дуучин Г.Дорждэрэм, Б.Цэцгээ, улсын начин Ч.Лундаа, улсын начин С.Дэлгэрбат, Д.Ганхуяг, самбо бөхийн дэлхийн аварга Д.Дэлгэрбаяр, 1998 оны Япон улсад болсон Нагонагийн өвлийн олимпод Монгол Улсыг төлөөлөн оролцсон цанын спортын мастер Д.Очирсүх, Г.Лхагвадорж гэх мэт энэ нутгаас төрөн гарсан алдартнууд олон билээ.












Холбоотой мэдээ