Хичээлийн жилийн бүтцийг баталжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-19 15:05:03

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Боловсролын сайд П.Наранбаяр анхны тушаалаараа хичээлийн жилийн бүтцийг баталжээ.


Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц нь бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэнэ. Сурагчдын нэг болон хоёрдугаар улирлын амралтыг даваа гарагт эхлүүлж, баасан гарагт дуусгахаар тусгажээ. Ингэхдээ нийслэлийн сурагчдын I улирлын амралтыг арванхоёрдугаар сард, II улирлын амралтыг дөрөвдүгээр сард, III улирлын амралтыг зургаадугаар сард товлосон байна. Ирэх хичээлийн жил III улиралтай байх бөгөөд улирлын сүүлийн долоо хоногт 4-12 дугаар ангийн сурагчдыг анги дэвших, сургууль төгсөх үнэлгээг хийхээр баталжээ.  


Харин бие даалтын долоо хоног нь аравдугаар сард болж, хичээллэх хугацаанд оруулж тооцох юм байна. Хичээлийн жилийн 18 дахь долоо хоногт 10-12 дугаар ангийн сурагчдыг цахимаар хичээллүүлнэ.


Хичээлийн жилийн бүтцийг сургуулиудад даруй хүргүүлэх юм. Ингэснээр сургуулиуд бүтэн жилийнхээ тогтмол ажлын төлөвлөгөөг боловсруулан, эцэг эх, сурагчдад эртхэн мэдээлэх боломжтой аж. Энэ хичээлийн жилийн төлөвлөлтөд бие даалтыг оруулснаараа онцлогтой. Сурагчид бие даалтын хугацаанд музей, театр үзэх, зургаан настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулахаар болжээ. 







Холбоотой мэдээ