БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-07-25 08:59:05

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пенгсаван Гээвбасөдийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.


Уулзалтын үеэр Л.Мөнхтүшиг Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнууд, түүний дотор Лаос Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцоллоо. Тэрбээр Элчин сайд Пенгсаван Гээвбасөдийг Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Лаосын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, хоёр талын хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлжээ.


Элчин сайд Пенгсаван Гээвбасөд Монгол Улсад ажиллах хугацаанд Монголын төр, засаг болон Гадаад харилцааны яам бүхий л талаар дэмжин ажиллаж ирсэнд талархал илэрхийлээд, цаашид ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд үргэлжлүүлэн анхаарч, хувь нэмэр оруулахаа тэмдэглэснийг Гадаад харилцааны яам мэдээллээ. 


Уулзалтын төгсгөлд Элчин сайд Пенгсаван Гээвбасөдэд Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгаж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсжээ.

 

Холбоотой мэдээ