Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2024-07-27 12:20:06

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо болж буй зуны Олимпын XXXIII наадмын нээлтийн ажиллагаанд оролцлоо.


Энэхүү ёслолд нийт 60 гаруй улсын төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага оролцов.

Бүгд Найрамдах Франц Улс нь Парис хотноо Олимпын наадмыг 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа ба Олимпын нээлтийн ёслол нь анх удаа цэнгэлдэх хүрээлэнд бус үзэсгэлэнт Сена мөрний дагуу болсноороо онцлогтой байв.


Олимпын наадамд оролцох нийт 184 улсын 10,500 тамирчин Сена мөрний дагуу 6 км замаар үргэлжлэх 160 завиар парад хийж оролцов.


Энэ удаагийн зуны Олимп нь 2024 оны 7 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 11-нд болох юм. Манай улсын тамирчид чөлөөт бөх, жүдо бөх, бокс, буудлага, байт харваа, усанд сэлэлт, дугуй, хөнгөн атлетик, хүндийн өргөлт зэрэг спортын 9 төрөлд 33 эрх авч оролцож байна.


Харин ирэх 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 8-нд болох Паралимпын наадмын пара пауэрлифтинг, пара байт харваа, пара таеквондо, пара усанд сэлэлт, пара жүдо, пара хөнгөн атлетик зэрэг 6 төрөлд 10 эрх, нийт 44 эрхтэй оролцоно.



Холбоотой мэдээ