Шинэ Хархорум хотыг төлөвлөх шилдэг таван төслийг шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-29 13:18:56

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанаас тус хотын ерөнхий төлөвлөгөөний олон улсын сонгон шалгаруулалтад тэнцсэн шилдэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулж, иргэдийн санал авч байна.


Шинэ хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатанд 18 улсын 36 багийн бүтээл шалгарчээ. Монгол Улсын иргэд https://www.facebook.com/Kharkhorumcity хуудсаар орж, тэдний бүтээлтэй танилцан санал өгөх боломжтой. Цахимаар энэ сарын 31-нийг хүртэл иргэдийн санал авах юм.


Харин долоодугаар сарын 31-ний 9:00-18:00 цагийн хүртэл Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнг Сүхбаатар дүүрэг дэх MPM Event Hall-ын дөрөвдүгээр давхарт зохион байгуулж байна. Үзэсгэлэнд дэлгэсэн Шинэ Хархорум хотыг төсөөлж, төлөвлөсөн 100 гаруй хот төлөвлөгч, шилдэг архитекторын бүтээлээс шилдэг таван багийг наймдугаар сарын 1-нд шалгаруулснаар "Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах аж.


Хархорум хотын мастер төлөвлөгөөг хийхэд 54 улсын 428 баг бүртгүүлж, 76 баг бүтээлээ ирүүлснээс Монгол, Хятад, Орос, Япон, Их Британи, Итали Мексик, Люксембург, Индонез, Грек, Энэтхэг, Нидерланд зэрэг 18 улсын шилдэг 36 төсөл шалгаруулжээ.

Эдгээрээс Монголын түүх, байгаль газарзүй, соёл, өв уламжлалыг маш сайн судалж, орчин үеийн технологийг бүх талаар шингээсэн гайхамшигтай төслийг шалгаруулах юм. Олон улсын сонгон шалгаруулалтыг АНУ-ын Корнелийн их сургуулийн доктор, профессор, Польш, Герман, БНСУ зэрэг улсын 11 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчид шүүнэ.


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, “Их Монгол Улсын өнгөрсөн түүхийн их өв, одоогийн бүсчилсэн хөгжлийн гол цөм, ирээдүйн Монгол Улсын хөгжлийн төв нийслэл гэсэн гурван цагийн хэлхээнд их хотыг сэргээн байгуулах үйл хэрэгт хувь нэмэр оруулж, ухаанаа уралдуулан оролцож буй хот төлөвлөгч, архитектор, эрдэмтэд, судлаачдад талархал илэрхийлээд, “Чингис хаан 1220 онд Монгол Улсын нийслэл Хархорум хотыг бүтээн байгуулах зарлиг гаргасан түүхтэй. Хархорум нь тухайн үеийнхээ нийгэм соёлын төвөөс гадна дэлхийн улс төр, худалдаа, эдийн засаг, цэрэг дипломат, шинжлэх ухаан, шашин, соёлын төв, өрнө дорныг холбосон их гүүр, дэлхийн хэмжээнд хүрсэн нийслэл байсан. Нэг ёсондоо Торгоны замын гол зангилаа хот байлаа. Орчин цагт шинэ Хархорум хот байгуулах нь олон талын ач холбогдолтой.



Тодруулбал, Улаанбаатарт хотод тулгамдаад буй түгжрэл, агаар, газрын хөрсний бохирдол зэрэг тулгамдсан асуудлын шийдэл нь шинэ хот юм. Хэт төвлөрлөөс шалтгаалсан нийгэм эдийн засаг, боловсрол, байгаль, экологи, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг бүсчилсэн хөгжлийн шинэ төв байгуулснаар шийдэх боломжтой. Үүнийгээ “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогодоо Орхоны хөндийд 2021-2030 онд шинэ хот байгуулан, нийслэлд шилжүүлэх ТЭЗҮ, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр заасан байгаа. Олон нийтийн санал зөвлөмж болон шүүгчдийн шалгаруулсан 5 багийн хамтын бүтээлээр хотын ерөнхий төлөвлөгөө боловсруулна. Хархорум хот бол ирээдүйн Монгол Улсын хөгжлийн төв, шинэ нийслэл байх болно. Хүний хэрэгцээ цөм багтсан шинэ хотыг орчин үеийн техник технологиор амжилттай бүтээн байгуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.



Дэлхийн улс орнууд шинээр байгуулж буй хотынхоо хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа ирээдүйн хөгжлийн чиг хандлага, хот төлөвлөлтийн туршлага, шинэлэг санаа, шийдлийг тусгахаар олон улсын нээлттэй уралдааныг зохион байгуулж үзэл баримтлалаа тодорхойлдгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцлоод, “Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг хамтарсан Засгийн газар нэгдэж хэрэгжүүлнэ. Манай улсад анх удаа хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн зохион байгуулж, хот төлөвлөлтийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийсэн, олон улсын судлаач, эрдэмтэд нэгэн дор цуглан, бүтээлээ танилцуулж байна. Та бүхний оюун санааны бүтээлээр шилдэг бүтээлээр Хархорум хотыг дахин бүтээн байгуулна. Шинэ Хархорум нь Монгол Улсын үндэсний бахархал, нэгдмэл үнэт зүйлийн баталгаа байх юм” гэв.



Шинэ Хархорум хотыг сэргээн байгуулахтай холбоотой Засгийн газрын тогтоолоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байгаа. Тус хотод төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрч, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөжээ. 


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахыг Засгийн газарт чиглэл болгож, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зарлиг гаргасан билээ. “Эртний нийслэл Хархорумыг сэргээн байгуулах тухай” зарлиг нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэх, төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, төрт ёсныхоо үнэт өвийг бэхжүүлэх, түүх соёлоо сэргээх зорилготой юм.






Холбоотой мэдээ