ЗАВХАН: Томоохон гол мөрний дагуу байнгын эргүүл ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024 оны
долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Завхан аймаг ой хээрийн гал
түймрийн аюулын зэрэг өндөр байгаа аймгуудын нэг бөгөөд нийт 5 сумын нутагт
хуурайшилтын зэрэг өндөр байна.
Улсын хэмжээнд Увс,
Завхан аймгийн нутгийн хойд хэсэг, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Архангай аймгийн
зарим хэсэг хуурайшилт ихтэй байна.
Завхан аймгийн 9 сум хуурайшилтын зэрэг их, 5 сум хуурайшилтын зэрэг нэн их буюу аюултай түвшинд байна. Нийт нутгаар ойрын өдрүүдэд аагим халуун үргэлжилнэ.
Хуурайшилтын зэрэг ихтэй дээрх сумдад ой, хээрийн гал түймрийн аюулын зэрэг өндөр байна. Иймд, аялал, амралт зугаалгын ид үед иргэн бүр ой, хээрт явахдаа сонор сэрэмжтэй байж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Олон жилийн дунджаар Завханы баруун, хэсгээр 3-12 мм, бусад нутгаар 12-21 мм хур тунадастай, зуны улиралд нийт нутгаар хуурайшилтын зэрэг их байх мэдээллийг цаг уурын байгууллагаас ирүүлсэн. Зуны улирал 1-2 градус дулаан байх, түрүү жилийн мөн үетэй харьцуулахад хуурайшилт их байх төлөвтэй байна. Иймд аймгийн Онцгой байдлын газар бэлтгэл бэлэн байдалд онцгой анхаарч ажиллаж байна.
Мөн дулааны улиралд олон жилийн дунджаас халуун, хур тунадас бага байхтай холбогдон иргэд гол бараадан сэрүүцэх. Голын эрэг дагуу амарч зугаалах нь их байна. Тиймээс хот, суурин орчмын томоохон гол, мөрнүүдийн эрэг дагуу сэрэмжлүүлэх самбар байршуулах, морьтой, завьтай эргүүл явуулах, иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэх мэдээ хүргэх ажлыг эрчимжүүлж байна гэж аймгийн Онцгой байдлын гарзаас мэдээлэв.
Завхан аймгийн Онцгой байдлын газраас нийт 2500 гаруй иргэнд сэрэмжлүүлэх мэдээлэл зөвлөмж өгчээ