Нийгмийн салбарын арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн ЗДТГ-аас шинэ Засгийн газрын 100 дахь хоногийн хүрээнд нийгмийн салбарын байгууллагуудыг хамарсан мэдээлэл солилцох уулзалт өнөөдөр зохиов. Уулзалтын гол зорилго нь нийгмийн үйлчилгээний гол салбаруудад хэрэгжиж байгаа хууль тогтоомжтой холбоотой мэдээлэл болон төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх анхан шатны байгууллага болох сум, багийн ажилтнуудад өгөхийг зорьжээ.
Хэлэлцүүлэг уулзалтад Хэрлэн сумын 10 багийн дарга, нийгмийн ажилтнууд, Эрүүл мэндийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Нийгмийн халамж, Боловсрол, соёл урлагийн байгууллагын удирдлагууд оролцож харилцан мэдээлэл солилцов. Иргэдийн дунд хүүхдийн мөнгө ялгавартайгаар олгогдож байгаа, группээс олноор хасагдаж байна гэсэн гомдол багийн ажлын албадад ихээр ирэх болжээ. Энэ нь Халамжийн тухай хууль болон групп олгох журамд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотой гэдгийг холбогдох агентлаг хэлтсийн удирдлагууд тайлбарлаж байсан. Жишээ нь хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоно. Гэхдээ амжиргааны түвшин 502-оос доош өрхийн хүүхдийн мөнгийг бэлнээр олгож түүнээс дээш тогтоогдсон өрхийн хүүхдийн мөнгийг хуримтлал болгон 2019 онд бүрэн өгөх гэнэ. Энэхүү журмаар Дорнод аймгийн хэмжээнд 24 мянга гаруй хүүхдийн 70 хувь нь сар бүр мөнгөө авч үлдсэн нь 2019 онд бөөнөөр авах юм байна. Харин групп тогтоодог Хөдөлмөр магадлах комиссын шинэ журмаар тус аймгаас зөвхөн нүд, мэдрэлээр тогтоогдсон 82 иргэн группээс хасагджээ.
Б.Туяа