Мадурогийн өрсөлдөгч сонгуульд ялсныг АНУ хүлээн зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-08-02 14:44:29

ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 2 /Reuters/. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн өрсөлдөгч, сөрөг хүчний нэр дэвшигч Эдмундо Гонсалес маргаан дагуулсан ерөнхийлөгчийн сонгуульд ялсныг АНУ-ын засаг захиргаа пүрэв гарагт хүлээн зөвшөөрч, Н.Мадуро ялсан тухай мэдэгдлийг няцаажээ.


“Олон тооны нотлох баримтаас үзэхэд долоодугаар сарын 28-нд болсон Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд Эдмундо Гонсалес Уррутиа хамгийн олон санал авсан нь АНУ, хамгийн гол нь Венесуэлийн ард түмэнд тодорхой байна” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдсэн байна.


Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнтэй холбоотой маргааны улмаас Венесуэлд эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа юм. Венесуэлийн сонгуулийн зөвлөлөөс мэдэгдсэнээр, 2013 оноос хойш засгийн эрхийг барьж буй Н.Мадуро сонгуульд 51 хувийн саналаар ялжээ.


Сөрөг хүчнийхэн олон нийтийн сүлжээнд нарийвчилсан дүнг нийтэлсэн бол засгийн газар нэр дэвшигч бүрийн авсан нийт саналын тооноос өөр мэдээлэл өгөөгүй байна.


Э.Блинкен пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ Венесуэлийн эсрэг шинээр хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлээгүй боловч шийтгэлийн арга хэмжээ авч магадгүйг сануулжээ. Маргаан дагуулсан сонгуулийн дараа Вашингтон дахин хориг арга хэмжээ авах эсэхийг хэлэлцэж байгаа тухай Ройтерс агентлаг мягмар гарагт мэдээлсэн юм.


Бид Венесуэлд ардчилсан хэм хэмжээг сэргээх үйл явцыг бүрэн дэмжиж, түүнийг бэхжүүлэх арга замыг олон улсын түншүүдтэйгээ хамтран хэлэлцэхэд бэлэн байна гэж Э.Блинкен хэлжээ. Тэрбээр мөн сөрөг хүчний удирдагчдын аюулгүй байдлыг хангахыг уриалжээ.


Үүний зэрэгцээ Бразил, Мексик, Колумбийн төрийн тэргүүн нар санал хураалтын дэлгэрэнгүй дүнг танилцуулахыг Венесуэлийн талд пүрэв гарагт уриалсан байна.

 


Холбоотой мэдээ