АНУ-аас Ойрх Дорнод руу байлдааны онгоцууд илгээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 3 /Reuters/. Энэ долоо хоногийн эхээр ХАМАС бүлэглэлийн удирдагчийг Техранд хөнөөсөн хэрэгт Ираны зүгээс хариу арга хэмжээ авч магадгүй байгаатай холбогдуулан АНУ-аас Ойрх Дорнод руу нисэх онгоц тээгч цохилтын бүлэг, сөнөөгч эскадрон болон байлдааны нэмэлт онгоцуудыг илгээхээр болжээ.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин “Авраам
Линкольн” нисэх онгоц тээгч хөлөг онгоцны цохилтын бүлгийг Оманы буланд байгаа “Теодор Рузвельт” цохилт өгөх бүлгийн оронд байршуулах
тушаал өгсөн гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Сабрина Сингх
мэдээлсэн байна.
Ойрх Дорнод болон Газар дундын тэнгис рүү баллистик
пуужингийн довтолгооноос хамгаалах чадвартай сөнөөгч онгоцуудыг мөн илгээнэ. Мэдэгдэлд ямар байлдааны хөлөг илгээгээд
байгаа талаар дурдаагүй боловч Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт байрлах
АНУ-ын хоёр эсминец дөрөвдүгээр сард Ираны талаас Израилын эсрэг өгсөн цохилтыг
таслан зогсооход оролцсон байна.
Л.Остин мөн тус бүс нутагт сөнөөгч эскадрон илгээх тушаал өгсөн гэж С.Сингх хэлжээ. ХАМАС-ын улс төрийн удирдагч Исмаил Ханияг Техранд хөнөөсөн явдлын хариуд Ираны тал Израил руу дайрна гэдгээ амлаад байна. Харин Израилын тал уг аллагын талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.