БУЛГАН: Холын ээж хэмээн нэрийддэг Хульжийн рашаан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган, 2024оны наймдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Хульжийн рашаан нь Булган аймгийн Могод сумын төвийн баруун хойно 2 км-т Номгон уулын өвөрт, далайн түвшнээс дээш 1500 м өргөгдсөн, 38-42 градусын халуун мэдрэлийн систем, халдвар, харшил, үе мөч, зүрх судас, амьсгалын болон арьс салст зэрэг олон өвчин эмгэгийн анагаах увдистай юм.
Хульжийн
рашаанд зорин ирэгсэд жилийн дөрвөн улиралд тасардаггүй. “Хульжийн рашаан
сувилал”, “Хульж ресорт” рашаан сувилал
зэрэг томоохон амралт сувиллын баазаас
гадна иргэд, аж ахуй нэгжийн амрагч хүлээн авах байр гэр шовгор олон байдаг.
Улаанбаатар хотоос 330 км, Булган аймгийн төвөөс 130 км зайтай оршдог. Хульжийн рашаан нь Отгонтэнгэр, Шаргалжуут, Хүрэмт, Шивэрт, Хужиртын рашаантай ижил төсөөтэй эмчилгээний үр нөлөөтэй.
Хульжийн рашаан сувилал нь 17 жил үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн даатгалд хамруулан рашаан эмчилгээ, шавар эмчилгээ, физик эмчилгээ, бариа бумба хоол, байрны хөнгөлөлтөөр үйлчилж байна.
Мөн “Хульж ресорт” халуун рашаан сувиллын газар шинээр байгуулагдсан бөгөөд жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах ба нэг элжиндээ 150 хүртэлх амрагч хүлээн авах хүчин чадалтай халуун рашаан, шүршүүр, бассейн, саун, халуун шавар, ванн, шингэрүүлсэн шавар ванн, бариа засал, саам эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна.
Рашааны нэрийн тухай: Урьд нэг шинжээч хүний ганц хүүгийн хөл нь татаж янз бүрээр оролдоод эдгэрэхгүй байхаар нь мэргэн зурхайчаас асуухад: "Алс хол, баруун зүгт явж буцлам халуун рашаанд оруул!" гэжээ. Тэгээд хүүгээ үүрч дүүрч явсаар Могодын Номгон уулын өвөрт байх буцлам халуун рашаанд оруулан эдгээжээ. Буцахдаа тэрхүү рашаанаа: “Холын ээж" гэж нэрлэн жил бүрийн зуны адаг сард "Холын ээж"-дээ зорин очдог байж гэнэ. Тэр нэр нь цагийн эрхэнд амнаас ам дамжсаар Хульж болж хувирчээ.
“Хульжийн Рашаан"-ыг анх 1928 онд Орос эрдэмтэн Смирнов анх шинжилсэн байна. Хульжийн Рашааныг Юрийн Галавын бялхмал чулуулгаас гарсан гэдэг дүгнэлт хийжээ. Орхоны Түрэгүүд 6-8-р зуунд Отгон тэнгэрийн рашааныг ашиглаж байсан баримт Хятадын Тан улсын түүхэнд байдаг тухай эрдэмтэд бүтээлдээ дурдсан байна. Хульжийн рашааныг тэр үед ашиглаж байсан гэх таамаг бий.
Рашаан гэж юу вэ? Энэ нь биологийн идэвхт бүрдлүүдийн агуулга, ионы давсны болон хийн найрлагын цогцолбор хэлбэрээр хүний биед эмчилгээний идэвх үзүүлдэг байгалийн ус юм. Хульжийн рашааны шүлтлэг арьстай харилцан үйлчилж, түүний уян хатан чанарыг сайжруулдаг учир арьсны олон төрлийн өвчинд эмчилгээний үр дүн сайн байна.
Рашааны найрлагад байх сульфид нь амны хөндий, үтрээ, шулуун гэдэсний салст бүрхэвчийн эмчилгээ, хамар хоолойн эрхтэн, амьсгалын замын өвчнүүдийг илаарьшуулахад тустай. Мөн Хульжийн_Рашаанд агуулагдах хүхэрт устөрөгч, нүүрсхүчлийн хий, радон зэрэг нь мэдрэл хаван хавдар, гэмтэл бэртэнг, ходоод гэдэс дотор, арьс өнгө, үе мөчний өвчинд тустай. Хульжийн рашаанд цахиурын хэмжээ 64-134 мг/л хүртэл байгаа нь рашааныг эмчилгээнд хэрэглэх гол үзүүлэлтийн нэг билээ. Цахиурт нэгдлүүд нь хортой нэгдлүүдийг устгах, паразитын эсрэг үйлчилгээтэй бөгөөд өвчин намдаах, үрэвсэл дарах, хордлогын эсрэг үйлчилгээг үзүүлдэг байна.
Манай орны халуун рашаан бүрээс хий гарч байдаг бөгөөд түүний ихэнх хувийг азот эзэлнэ. Хульжийн рашааны хувьд азотын хий 93-94% агуулагдах бөгөөд хүхэрт устөрөгчийн азотлог рашаан юм.