ӨВӨРХАНГАЙ: Үерт гэрээ алдсан гурван өрхөд гэрийн мод олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2024
оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Аймгийн
Онцгой комиссын хурлын шийдвэрээр
үерт орон гэрээ алдсан гурван гэр бүлд таван ханатай гэрийн модыг буцалтгүй
тусламж болгон олголоо.
Наймдугаар сарын 1-ний 17 цагийн орчимд 30 минут үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас үер бууж, зургаан айл усанд автан гурван айлын гэр нурж, дахин ашиглах боломжгүйгээр эвдэрсэн.
Энэ үеэр аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, үерт автсан газруудад ариутгал халдваргүйтгэл хийх, гэр оронгүй болсон өрхүүдэд гэр олгох асуудлыг шийдвэрлэсэн юм. Өнөөдөр аймгийн Засаг дарга И.Доржсүрэн, Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат нар дээрх гурван өрхийн эзэдтэй уулзаж, гэрийн модыг олголоо.