СҮХБААТАР: БНХАУ-ЫН Ляонин мужийн дэд захирагч Жин Гуо Вэй ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-08-15 19:05:01

Баруун-Урт 2024 оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ляонин мужийн дэд захирагч Жин Гуо Вэй тэргүүтэй зочид төлөөлөгчид Сүхбаатар аймагт ажиллалаа. Төлөөлөгчид Баруун-Урт сумын бүтээн байгуулалт болон Дарьт шүтээн компанийн Баян тал махны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, орон нутгийн удирдлагуудтай хамтын ажиллагааны уулзалты хийсэн юм.



Сүхбаатар аймаг тус мужтай гурван жилийн хугацаанд найрсаг харилцаа тогтоон хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж, нийгмийн бүхий л салбарт хамтран ажилласан. Үүний үр дүн өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа. Цаашид хамтын ажиллагаагаа илүү дээшлүүлэх, ялангуяа боомтын хөгжлийг эрчимжүүлэхэд энэ удаагийн уулзалт чухал ач холбогдолтой" хэмээн аймгийн Засаг дарга  М.Идэрбат нээлтийн үгэндээ тодотголоо.



Ляонин мужийн дэд захирагч Жин Гуо Вэй хэлэхдээ "Бид ирээд шууд аймгийн төвөөр явж үзлээ. Аймгийн төвийн өнгө үзэмж, зохион байгуулалт, дэд бүтэц болон бүтээн байгуулалтын ажлууд нь нүдэнд тод харагдлаа. Өнгөрсөн хэдхэн жилийн хугацаанд үнэхээр хурдацтай хөгжсөн байна. Ляонин мужийн зүгээс ирэх жилүүдэд Сүхбаатар аймагтай эдийн засгийн салбарт түлхүү хамтран ажиллах хүсэлтэй байгаа" гэв.



БНХАУ-ын Ляонин муж нь Монгол Улсаас ганц Сүхбаатар аймагтай хамтын ажиллагаатай. Энэ давуу талаа ашиглаж Сүхбаатар аймгийн, цаашлаад Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулах боломж бий. Талууд хамтын ажиллагаагаа илүү сайжруулж, хоёр талын эдийн засгийг тэлэх хамгийн том боломж бол Чойбалсан- Бичигт- Хөөт чиглэлийн авто болон төмөр замыг барьж, ашиглалтад оруулах юм. Хятад талаас хилийн боомт хүртэл дэд бүтцийн ажлаа хийсэн. Одоо зөвхөн монгол талыг хүлээж байгаа. Тиймээс энэ ажлыг нэн даруй эрчимжүүлэх шаардлагатай байгаа гэдгийг тэд хэлж байсан юм.



Еastern rail way development команийн захирал Э.Төмөрбаатар "Босоо тэнхлэгийн авто болон төмөр замын ажыг хурдасгахад Монгол Улсын Засгийн газар анхаарч ажиллахаа мэдэгдсэн. Хууль, эрхзүйн орчин нь ч бүрдээд байгаа" гэдгийг хэлж, Чойбалсан- Бичигт- Хөөт чиглэлийн төмөр замын төслийг төлөөлөгчдөд танилцуулан хамтран ажиллах хүсэлтээ  уламжиллаа.


Төслийг тус компани дөрвөн үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ирэх сард ТЭЗҮ-ийг эцэслэн батлах аж.



Мөн ирэх онд Ляонин муж болон Сүхбаатар аймаг хооронд анхны хамтын ажиллагааг эхлүүлсэний 10 жилийн ой тохионо. Энэ хүрээнд соёл урлаг, спортын чиглэлээр нөхөрсөг арга хэмжээнүүдийг зохион байгуулж, сурагч солилцоо болон төрийн албаны мэргэжилтнүүдээ чадавхжуулах, туршлага солилцох уулзалт, сургалтуудыг хийх талаар санал солилцсон юм. 

Холбоотой мэдээ