Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусар “Монгол-Словенийн бизнес форум”-ын нээлтэд оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар өнөөдөр МҮХАҮТ-д зохион байгуулсан “Монгол - Словенийн бизнес форум”-д оролцов.
Монгол Улсад хийж буй айлчлал нь хоёр орны улс төр, бизнес болон Европын Холбоо-Монголын харилцаа, хамтын ажиллагааг бататган бэхжүүлэх зорилготойг Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч
Др.Наташа Пирц Мусар форумыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэлээ. Тэрбээр, “Форумд манай улсынхаа шилдэг компаниудын төлөөлөл хүрэлцэн ирснийг тэмдэглэхэд таатай байна. Дэлхийн түвшинд идэвхтэй ажилладаг эдгээр
компанийн зарим нь Монголд амжилттай үйл ажиллагаа эрхэлдэг.
Мөн Словенийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Стратегийн хөгжил, олон
улсын харилцаа хариуцсан гүйцэтгэх захирал болон Словенийн хөрөнгө оруулалт,
бизнес эрхлэлт, олон улсын хамтын ажиллагааг дэмжих төрийн агентлагийн
төлөөллүүд ирсэн байгаа. Хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх
чухал алхмын нэг нь ил тод,
итгэлтэй, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх явдал юм. Бизнес форумыг хоёр талын аж ахуй нэгж,
компаниуд хамтын ажиллагааны чухал боломж хэмээн хүлээн авна гэдэгт итгэлтэй
байна” хэмээв.
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн энэ үеэр, “Словени улс манай улстай
төстэй, цөөн хүн амтай. Хурдтай
хөгжиж буй улсуудын нэг.
Ингэхдээ төр нь хувийн хэвшилдээ эдийн засгийн илүү эрх чөлөө олгох замаар хөгжжээ. Ялангуяа Швейцар, Герман
улстай хамтран ажиллаж, хөгжилд хурдан
хүрсэн гэж болно. Монгол, Словени хооронд 30 хүрэхгүй сая ам.долларын
худалдаа хийдэг нь хангалтгүй тул
нэмэгдүүлэхийг хүсэж байна. Үүнээс 18 сая ам.доллар орчим нь эмийн
бизнес. Гэтэл энэ улс инновац, шинэ технологийн салбарт анхаарч байна. Тиймээс хоёр улсын танхим энэ чиглэлд хамтарч ажиллах ёстой юм. Дэлхий даяар хиймэл
оюун ухаан ашиглахыг зорьж
буй энэ үед хүний нөөцөө
хиймэл оюун ухаан ашиглаж шийдэж байгаад анхаарах нь зүйтэй. Түүнчлэн,
Словени улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3.5 хувийг инновац, шинэ
технологийн судалгааг санхүүжүүлэхэд зарцуулахаар шийдсэн. Энэ судалгаагаа хувийн хэвшлээр хийлгэнэ гэж байна. Словени улс Монгол
Улсад боломж олгоод, албан
буюу ногоон пасспортыг визгүй зорчих боломжоор хангасан. Монгол Улсын топ 100 компанийн дээд
гурван удирдлагад ногоон пасспорт олгож, бизнесийн харилцаагаа өргөжүүлэх
боломжийг нээсэн”-ийг тодотгосон юм.
Форумд Словенийн эм үйлдвэрлэл, тээвэр ложистик, агуулах, аялал жуулчлал, нийгэм хамгаалал, маркетинг, хөдөө аж ахуй, ойжуулалт, ойн аж ахуйн тоног төхөөрөмж, дахин боловсруулалт, эрчим хүч дамжуулах сүлжээ, хөрөнгө оруулалт, бизнес хөгжүүлэлт зэрэг чиглэлийн компаниуд оролцлоо. Тэд Монголын бизнес эрхлэгчидтэй танилцаж, тодорхой салбарт чиглэсэн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын тухай санал солилцож байна.