Манлайлагч эмэгтэйчүүд байгаль орчин, ногоон хөгжлийг эрчимжүүлэхийн төлөө дуу хоолойгоо өргөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-08-22 15:54:17

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, НҮБ хамтран “Ногоон ирээдүйн төлөө” дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг анх удаа Улаанбаатар хотноо энэ сарын 22, 23-нд зохион байгуулж байна.


Энэхүү чуулганыг Монгол Улсад зохион байгуулахын ач холбогдол, эмэгтэйчүүдийн манлайллын талаар оролцогчдоос тодруулсан юм.


Уур амьсгалын Ногоон сангийн Гадаад харилцааны асуудал эрхэлсэн захирал С.Оюун: -Дэлхийн улс орнууд, олон улсын байгууллага болон Монголын лидер эмэгтэйчүүд цуглаж, ногоон ирээдүйн талаар ярилцахаас гадна тодорхой шийдлүүд гаргаад урагшлах нь чухал юм. Дэлхийн ирээдүй ногоон шилжилтээс асар хамааралтай болжээ. Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол, хэт их хэрэглээнээс үүдэж байна. Үүнд эмэгтэйчүүдийн манлайлал чухал юм. Монголд зөвхөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам гэлтгүй ТББ, хувийн хэвшил хийж буй ажилдаа ногоон хөгжлийг заавал тусгах нь зүйтэй. Олон улсын байгууллага энэ зам руу буцалтгүй орсноор хамтран ажиллах боломжууд маш их болсон. Байгаль орчин, эрчим хүч, барилга, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт ногоон хөгжлийн асуудлыг дунд нь шигтгээд явбал өрсөлдөх чадвар нэмэгдэхээс гадна утга учиртай хөгжил дэвшил бий болохыг чуулганаар ярьж байгаа нь талархууштай. Үүнийг шийдэхэд эмэгтэйчүүдийн оролцоо чухал юм.


Байгаль орчин, уур амьсгалын сайд С.Одонтуяа: Ногоон ирээдүй нь нэг салбарын ажил биш, дэлхийн хөгжлийн асуудал болсон байна. Үүнд эмэгтэйчүүд дуу хоолойгоо тод хүргэх ёстой. Эмэгтэйчүүд, ээжүүд хөгжил дэвшлээс бидэнд ямар эрсдэл учирч болохыг харж чаддагаараа онцлог. Учир нь эмэгтэйчүүд байгалийн зөнгөөрөө эрсдэлийг урьдчилж тооцдог. Байгаль орчны асуудалд дорвитой арга хэмжээ авахгүй бол ирээдүйн үр хүүхдийн амьдрах орчин улам л доройтно. Дэлхийн олон улсын эмэгтэйчүүд энд хүрэлцэн ирснээр байгаль хамгаалахад хүчээ нэгтгэн, харилцан суралцах, нэгдмэл дуу хоолойтой болж, байгалиа хамгаалахад манлайлах ёстойг уриалж байна.

Өмнө нь хүний хөгжил, эрүүл мэнд, боловсролын сэдэв ихээхэн хөнддөг байсан бол энэ удаа байгаль экологийн асуудлыг дэвшүүлэн тавьж, дэлхийг энх тайван байлгахын төлөө эмэгтэйчүүд ажиллаж байна. Чуулганы үеэр Словени улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусар “Дэлхийн II дайнаас хойш байгаагүй их сөргөлдөөн үүсэж байгаад эмэгтэйчүүд дуу хоолойгоо хүчтэй өргөе” гэлээ. Үүний зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт Монголд төдийгүй дэлхий дахины тулгамдсан асуудал болж, байгалийн гамшгийн давтамж нэмэгдлээ. Энэ бүгд араасаа олон бэрхшээл дагуулж байгаа гэдэг утгаараа чуулганыг зохион байгуулж байгаа нь ихээхэн ач холбогдолтой.


Увс аймгийн Түргэн сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Ч.Туяа: Монголын хүйсийн харьцааг харвал эмэгтэйчүүд 51 хувийг эзэлдэг ч шийдвэр гаргах түвшинд оролцоо нь харьцангуй бага байдагт анхаарах хэрэгтэй. Тиймээс ч байгаль, эх дэлхийгээ ногоон байлгах, ирээдүйн амар амгалан, эрүүл, зөв зохистой хөгжлийг бүрдүүлэхэд энэ удаагийн чуулганаар гаргах тунхаг бичиг ач холбогдлоо өгнө гэж итгэж байна. Орон нутагтаа очоод энэ тунхгийг хэрэгжүүлэхэд санаа тавих болно. Маргааш гэхэд бүх зүйл ногоон болчихгүй ч урт хугацаандаа ногоон орчинд, ногоон дэлхийд ажиллаж амьдрах уриалга гэж ойлгож байна.


-Байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд эмэгтэй манлайлагчдын оролцоо юу байж болох вэ?


С.Оюун: Уур амьсгалын Ногоон сан хөгжиж буй 140 гаруй оронд ногоон төслийн санхүүжилтийг баталдаг. Төсөл хөтөлбөр боловсруулж батлах, хэрэгжүүлэхэд жендэрийн өнцгийг заавал шигтгэдэг. Яагаад гэвэл, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн доройтол эмэгтэйчүүдэд илүү муу нөлөөлөх талтай. Иймд эмэгтэйчүүд рүү чиглэсэн төсөл хэрэгжүүлснээр тэдний өртөөд буй асуудлыг шийдэхэд заавал төлөвлөгөө гаргаж санхүүжилт авдаг. Жишээ нь, Монголд хэрэгжиж буй жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих ногоон төсөл гэхэд эмэгтэйчүүд манлайлсан, эсвэл эмэгтэй хүн олноор ажилладаг бол илүү дэмжлэг авахаас гадна зээлийн хүүг багасгах зэрэг бодлогоор квот тогтоож дэмждэг. Энэ нь эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангахдаа бус тухайн хувийн хэвшил, үйлдвэр, салбарт эмэгтэйчүүд илүү их дэвшил авч ирнэ гэсэн үг юм. Асуудлыг шийдэхэд эрэгтэй, эмэгтэй хоёулаа оролцож байж зөв, тэнцвэртэй шийдвэр гаргана. Аль нэг нь илүү эсвэл дутуу гэж байгаа юм биш. Хоёр өнцгөөр харж байж зөв, дэвшилтэт тэнцвэртэй шийдвэр гарах юм.


С.Одонтуяа: Эмэгтэйчүүд бид байгаль орчин, экологи болон үр хүүхдэдээ эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд тэмцэж чадахаа харуулах цаг үе ирсэн байна. Манай орны газар нутгийн 72.9 хувь нь цөлжсөн нь аюултай үзүүлэлт юм. Миний хувьд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болсноор юуны өмнө салбарын эмэгтэйчүүдээ дэмжинэ. Өчигдөрхөн гэхэд улсын хэмжээнд ойн салбарт ажилладаг эмэгтэйчүүдийг цуглуулж, хэрхэн идэвхтэй хамтарч ажиллах, нөхөрлөл хоршооолол бий болгох сургалт зохион байгууллаа. Цаашид бүх салбарт эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихэд анхаарна. Учир нь эмэгтэйчүүд байгалиа хамгаалахад туршлагатай байдаг тул хог хаягдал, ус, ойг хамгаалахад ТББ, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана.

Манай эмэгтэйчүүд энэ чуулганы ой, ус, мал аж ахуй, бэлчээрийн даац гэх мэт бүх салбар хуралдаанд оролцож байна. Байгаль экологи, уур амьсгалын өөрчлөлтөд монгол эмэгтэйчүүд хэрхэн оролцох, дэлхийн эмэгтэйчүүдтэй хамтарч ажиллахыг ярилцах юм.


Ч.Туяа: Эмэгтэйчүүд бол ажлын байранд ч, ахуй амьдралдаа ч бүхнийг зохицуулж, хослуулан ажиллаж, ачааны хүндийг үүрдэг, тэсвэр тэвчээртэй, ухаалаг, ноён нуруутай хүмүүс юм. Бүсгүйчүүлд сэтгэл, идэвх, хөдөлмөр, хичээл зүтгэл байгаа учир бүх салбарт дуу хоолойг нь сонсдог байхыг чуулганаас онцолж байна. Эмэгтэй хүн аль ч салбарыг манлайлах чадвартай. Тэдэнгүйгээр ахуй амьдрал, нийгмийг төсөөлөх аргагүй учир бид яах аргагүй юм.


үүдлийн соёл ахуй байгаль орчноо хайрлан хамгаалах, амьдралаа авч явах ухаанд багаас нь сургах зэрэг олон давуу талыг монгол хүнд төлөвшүүлдэг. Ер нь, монгол эмэгтэйчүүдийн онцлог юу вэ?


С.Оюун: Нүүдлийн ахуй соёл бидэнд дасан зохицох, илүү тэсвэр чадалтай байх ухааныг өвлүүлдэг. Байгалийн аливаа өөрчлөлт, эрс тэс уур амьсгалтай газар нутагт амьдарч буй нүүдлийн мал аж ахуй нь эмэгтэйчүүдийг зоригтой, дасан зохицох чадварт сургадаг. Нэгнээсээ зайдуу, ганц гэрээр суурьшсан малчид өөрөөсөө өөр хэнд ч найдах боломжгүй, тийм л ахуйтай. Тодорхой асуудлыг бие дааж, богино хугацаанд шийдэж чаддаг. Энэ утгаараа монгол эмэгтэйчүүд эртнээс чадалтай, чадвартай, шийдвэрийг хамтран гаргаж урагшилдаг байгалийн өгөгдөлтэй гэдгээр бахархдаг.  


С.Одонтуяа: Монгол Улс анх удаа парламентын 126 гишүүнтэй болж, эмэгтэйчүүдийн квотыг нэмсэн. Үүний төлөө УИХ-ын эмэгтэй гишүүд болон ТББ, иргэний нийгмийн төлөөлөгчид сүүлийн 20-30 жил тэмцэж ирсэн. Энэ нь дэлхийн олон улс орны эмэгтэйчүүдийн мөрөөдөл юм. Харин удахгүй болох орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүд зоригтой, идэвхтэй оролцохыг хүсэж байна. Өөрсдийн амьдарч буй орчиндоо эрүүл, аюулгүй байдлыг бүрдүүлж чадах хүмүүс нь бүсгүйчүүд тул сонгуульд олноороо дэвшиж, ногоон ирээдүйн төлөө ажиллахыг уриалж байна.


Монголчууд аж амьдралаа арга, билгийн ухаанаар авч явдаг давуу талтай. Байгаль экологио хамгаалах ухаан нь бидний ахуйд, цусанд байдаг.

Жилийн дөрвөн улиралд газар орноо шинжиж, нүүж суух, мал маллах, идээ ундаа боловсруулахаас эхлээд бүх ахуй амьдралд нь байгаль хамгаалах ухаан шингэсэн байдаг. Энэ утгаараа бидэнд ойр сэдэв. Нөгөө талаар уур амьсгалын өөрчлөлт нь Монголын эмэгтэйчүүд, өрх гэрт олон талаар сөрөг нөлөө үзүүлж байна. Иймд яг л одоо дэлхийн эмэгтэйчүүдтэй санал солилцон, тэдний тусламжийг авахгүй бол цаг хугацаа биднийг хүлээхгүй. НҮБ-ын Цөлжилтийн эсрэг дэлхийн олон орны удирдагч, төлөөлөл оролцсон “СОР 17” хурлыг 2026 онд Улаанбаатарт зохион байгуулна. Энэ хуралд улс орныхоо нөхцөл байдлыг зөвөөр ойлгуулж чадвал хөрөнгө оруулалт татах боломж нээлттэй байгаа.


Ч.Туяа: Манай сумын эмэгтэйчүүдийн зөвлөлд салбар бүрийн манлайлагч оролцон, олон нийтийн сонирхолд тулгуурлан ёс заншил, уламжлалаа хадгалах олон үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн онд сумандаа анх удаа сарлагийн баяр хийсэн. Сарлагийн тоо толгой багасаж, сарлагтай холбоотой өв уламжлал бүдгэрч байгаа. Иймд  ахуй соёлоо тодотгож, дэлгэрүүлэхийн тулд сарлаг яаж адгуулдаг, ямар ашиг шимтэй, түүхий эдээр нь ямар бүтээгдэхүүн хийдгээ соёлын өв болгохыг зорьсон. Нутгийн иргэд ч талархалтай хүлээн авсан. Гадаад, дотоодын жуулчдаас гадна олон улсын контент бэлтгэгчид ч ирсэн. Энэ бүхэнд эмэгтэйчүүдийн оролцоо хамгийн их байсан. Үнэт өв уламжлалаа, Монгол гэсэн нэрээ тодотгож, дэлхийд давтагдахгүй нүүдэлчин онцлогоо соёлын бүтээгдэхүүн болгон, тухайн ахуй орчинд нь үзүүлэхийг зорьж, сарлагийн баяраа  энэ жил дахин зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. 

Холбоотой мэдээ