The Diplomat: Монгол Улс Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг анх удаа зохион байгууллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2024
оны наймдугаар сарын 30 /The Diplomat/. Монгол Улс 1995 оны Бээжингийн тунхаглал ба Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2030 он
хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрөөр хүлээсэн үүрэг амлалтаа дахин нотолж, Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг анх удаа Улаанбаатар
хотноо зохион байгуулснаар Монгол Улсын
феминист гадаад бодлого дахин нэг үсрэлт хийлээ. Энэхүү чуулга уулзалтыг Монголын Эмэгтэйчүүдийн холбоог үүсгэн байгуулсны 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулжээ. Наймдугаар сарын 22-23-ны өдрүүдэд болсон чуулга
уулзалт нь дэлхийн эмэгтэй удирдагчдын хувьд асуудлуудыг “нэгдмэл фронтоор”
хэлэлцэж, шийдэл хайх механизм боллоо.
Тус чуулга
уулзалтыг 2023 онд Монгол Улсад Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын
уулзалтыг зохион байгуулсны дараа гаргасан Улаанбаатарын тунхаглалд тулгуурлан зохион байгуулсан юм. Эл
уулзалтад Франц, Герман,
Индонез, Лихтенштейн, Монгол болон
Өмнөд Африкийн эмэгтэй сайд нар феминист гадаад бодлогын талаар хэлэлцэхээр хуран чуулж байлаа.
2024 оны Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Монгол
Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн
ивээл дор Монгол Улсын Гадаад харилцааны яам, НҮБ хамтран зохион байгуулсан юм. Чуулга уулзалтад 19 улсын төр, засгийн тэргүүн нар, төрийн
болон төрийн бус 20 байгууллага, иргэний нийгмийн төлөөлөгчид, Монголын бүхий л салбарын 600 эмэгтэй төлөөлөл зэрэг 800 орчим эмэгтэй удирдагч оролцжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгэндээ, уур амьсгалын өөрчлөлт зэрэг шинээр урган гарч ирж буй асуудлуудыг даван туулахад жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ зайлшгүй шаардлагатай байгааг онцоллоо. Тэрбээр мөн шийдвэр гаргагч эмэгтэйчүүдийн зүгээс охид, эмэгтэйчүүдийн өмнө бий болгох боломжуудыг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн
хувьд, дижитал эдийн засаг, аюулгүй байдал, спорт, байгаль орчин зэрэг
уламжлалт бус салбарт эмэгтэйчүүдийг чадавхжуулж, улс үндэстнүүдийн соёлын хамтын ажиллагааг
эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Тэрбээр мөн даян дэлхийн сайн сайхны төлөөх үйл хэрэг, уур амьсгалын
өөрчлөлттэй тэмцэхэд
жендэрийн тэгш байдлыг хангахыг уриалсан юм.
Б.Батцэцэг сайд өнгөрсөн 30 жилийн хугацаанд
гарсан ахиц дэвшлийн талаар ярихдаа, “1995 оны Бээжингийн тунхаглалд “хүний эрх бол
эмэгтэйчүүдийн эрх, эмэгтэйчүүдийн эрх бол хүний эрх” хэмээн тунхаглаж, жендэрийн тэгш харилцаанд тулгардаг саад бэрхшээлийг
арилгах томоохон зорилтыг дэлхий нийтийн өмнө тавьсан билээ. Өнгөрсөн хугацаанд
ялгаварлан гадуурхсан агуулгатай хуулиудыг засварлаж, хүйсийн сэдэлтэй
хүчирхийлэлтэй тэмцэж, охид бүсгүйчүүд хичээлийн танхим, ажлын байр, удирдах
албан тушаалд олноороо орж, багагүй дэвшил гарсан” хэмээн тодотголоо.
Гэхдээ цаашид
хийх ажил их байгааг тэрбээр дурдаад, “Даян дэлхийн
эмэгтэйчүүдэд тулгардаг олон сорилт, тэгш бус
боломж, тогтолцооны саад бэрхшээлүүд эцсийн эцэст боловсролын түвшинтэй
холбоотой. Ийм учраас шийдлийг юуны түрүүнд охид, эмэгтэйчүүдийн боловсролтой
холбон хэлэлцэж, гарц гаргалгаа олохыг уриалж байна” хэмээн тэмдэглэв.
Дэлхийн
эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад хүндэт зочноор оролцсон Словени улсын анхны
эмэгтэй Ерөнхийлөгч Наташа Пирц-Мусар эдгээр асуудлыг хэлэлцэх орон зайг бий болгох
Монгол Улсын санаачилгыг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр
хэлсэн үгэндээ жендэрийн тэгш байдлыг жендэрийн шударга байдал болгох хэрэгтэйг
онцлов. Мөн Палестин, Афганистан, Сири, Украин, Судан болон дайны хөлд
нэрвэгдсэн бусад улс оронд охид, эмэгтэйчүүдийн эсрэг “аймшигт гэмт хэрэг”
үйлдэгдэж байгааг зогсоохыг уриаллаа.
Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад Лаос, Киргиз, Болгар, Турк, Франц, Их Британи, АНУ-ын өндөр түвшний зочид төлөөлөгчид оролцлоо. Олон улсын байгууллагын төлөөлөгчдийн дунд НҮБ-ын Женев дэх төвийн ерөнхий захирал Татьяна Валовая, НҮБ-ын Эмэгтэйчүүд байгууллагын сайн санааны элч Синди Бишоп, Индонезийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэгч идэвхтэн Нала Амирах, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга асан, Дэлхийн манлайлагч эмэгтэйчүүдийн дуу хоолой байгууллагын гүйцэтгэх захирал Мариа Фернанда Эспиноза Гарсез, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Ж.Мохамед нар оролцсон юм. Тэд бүгд жендэрийн эрх тэгш байдлыг хангах ажлыг эрчимжүүлэхийг уриаллаа.
Монгол Улс Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтыг
зохион байгуулж байгаа нь тус улсын
феминист гадаад бодлогын чиглэлүүдийг харуулаад зогсохгүй 1995
оны Бээжингийн тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөр, 2023 оны Тогтвортой хөгжлийн зорилт зэрэг дэлхий дахины дэвшүүлсэн зорилтуудыг дэмжихийн
тулд Монголын бодлого боловсруулагчид цогц арга замыг эрэлхийлж байгааг харууллаа. Тус улсын
олон тулгуурт гадаад бодлого нь жендэрийн тэгш байдал зэрэг нийгмийн
асуудлуудыг олон улсын хэмжээнд илүү чухалчлан шийдвэрлэхийг зорьж байна. Тиймээс Монгол Улс дэлхийн үйл хэрэгт
идэвхтэй оролцогч байх боломжийг бүрдүүлэхэд олон улсын форум, яриа хэлэлцээ чухал үүрэгтэй юм.
Мөн Улаанбаатарын феминист гадаад бодлогын чиг шугам нь зарчмын хувьд ч, бодит байдал дээр ч Монголын охид, эмэгтэйчүүдийг орчин үеийн нийгэмд амжилт гаргах, хөгжихөд саад болж буй нийгмийн саад тотгорыг даван туулах байнгын шийдлийг олохыг эрэлхийлж байна. Саяхан болсон УИХ-ын сонгуулиар шинэ парламент нь Монгол Улсын түүхэн дэх хамгийн олон эмэгтэй төлөөлөлтэй болсон юм. Монгол Улс 2022 онд анхны эмэгтэй генералтай болсон билээ.
Дэлхийн
эмэгтэйчүүдийн чуулга уулзалтаар жендэрийн тэгш байдал, ногоон
шилжилт зэрэг нийгмийн тулгамдсан асуудлын уялдаа холбоонд гол анхаарлаа төвлөрүүлсэн нь чухал ач
холбогдолтой юм. Чухамдаа чуулга уулзалт “Ногоон ирээдүйн төлөө” сэдвийн дор болсон бөгөөд салбар хуралдаануудын хүрээнд өрнөсөн хэлэлцүүлгийн явцад
цаг уурын асуудал байнга хөндөгдөж
байв. Тухайлбал, “Жендэрийн тэгш эдийн засаг”-ийн талаарх
хуралдааны үеэр Уур амьсгалын ногоон
сангийн Гадаад хэрэг хариуцсан захирал С.Оюун өнөөгийн ногоон шилжилт нь жендэрийн тэгш оролцоог хангах,
эмэгтэйчүүдийн эрхэлдэг, эрчим
хүчний хэмнэлттэй, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих боломж гэдгийг онцолсон юм.
Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, УИХ-ын гишүүн С.Одонтуяа “The Diplomat”
сэтгүүлд ярилцлага өгөхдөө, манай яамны нэг зорилго бол уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлаар ажлын хэсэг байгуулах явдал юм гэв. Ингэснээр Дэлхийн
эмэгтэйчүүдийн чуулга уулзалт өндөрлөсөн ч эмэгтэй удирдагчид, уур амьсгалын өөрчлөлттэй
тэмцэгч идэвхтнүүд янз бүрийн асуудлаар хамтран ажиллаж, түншлэх
боломжтой болохыг тэрбээр онцоллоо.
Ийм түншлэл нь олон тивд, тэр дундаа монгол охид, эмэгтэйчүүдийн амьдралд бодит үр дүн авчирч чадна.
Энэхүү нийтлэлийг Монгол, БНХАУ, ОХУ, Япон, Зүүн
Ази, Америк судлалын чиглэлээр мэргэшсэн судлаач Л.Болор бичжээ. Тэрбээр АНУ-ын
Сан-Францискогийн их сургуулийг Ази, Номхон далайн судлалын чиглэлээр магистрын
зэрэг хамгаалжээ.